ДэлхийдСпорт

ПСЖ-ийн эсрэг Тоттенхэм: Олон гоолын шалтгаан юу байв?

Аваргуудын лигийн 5-р тойргийн 11-р сарын 26-нд болсон 9 тоглолтод нийт 42 гоол орсон нь онцгой үзүүлэлт байлаа. Үүнээс хамгийн их гоолтой нь Парист болсон тоглолт бөгөөд Пари Сен-Жермен/ПСЖ/ талбайдаа Тоттенхэм Хотспурыг 5:3-аар буулгаж авлаа.

Өмнөх уулзалт

Аваргуудын лиг болон Европын лигийн аваргууд 8-р сарын 13-нд УЕФА Супер цомын төлөө өрсөлдсөн. Сайн хамгаалалт, стандарт цохилтоос оруулсан гоолуудынхааа ачаар Тоттенхэм 84 дэх минут хүртэл 2:0-ээр тэргүүлж байв. Зуны шахуу хуваарийн улмаас улирлын өмнөх бэлтгэлээ сайн хангаагүй байсан ч ПСЖ тэмцэгч чанараа харуулж, тооны харьцааг тэнцүүлэн нэмэлт цагт хүргэж, эцэст нь пенальтигаар ялсан.

Тактик

Луис Энрике уламжлалт 4-3-3 форматаа хэрэгжүүлсэн. Энэ удаа Жуао Невеш, Витинья, Фабиан Руис гэсэн төгс гурван хагас хамгаалагчтай байснаар тоглолтын хувь заяанд гол нөлөө үзүүлсэн. Тэд нийт 4 гоол, 1 гоолын дамжуулалт үзүүлсэн. Энэ гурвалын үр нөлөө гэмтэлтэй Хакимми болон Дэзире Дуэ нарыг нөхсөн. Мөн Баллон д’Ор-ын эзэн Усман Дембеле ч гэмтлийн улмаас сүүлд сэлгээнээс орж ирсэн.

Тоттенхэмийн дасгалжуулагч Томас Франк топ багуудтай тоглохдоо үр дүн муутай, байрлалын довтолгоонд санаачлага бага гэдэг шүүмжлэлийг олонтаа хүртдэг. Тэрбээр Супер цомд 5 хамгаалагчтай тоглож байсан бол энэ удаа төвдөө төвлөрсөн, жигүүргүй 4-2-2-2 формат туршиж үзсэн. Энэ бүхэн нь төвийн хагас хамгаалагч Папе Маттар Саррын хоёр ноцтой алдаанаас болж бүтэлгүйтсэн.

Тоглолтын тойм

ПСЖ эхэндээ тун удаан хэмнэлтэй, эрч хүчгүй тоглож байсан ч 35 дахь минутанд Ришарлисоны оруулсан гоол тэднийг “сэрээв”. Тэд эхний үе завсарлахаас өмнө тэнцүүлж чадсан. Хоёрдугаар үеийн эхэнд дахиад гоол алдсан ч Парисынхан хэмнэлээ алдалгүй 65 минут гэхэд 4:2-оор тэргүүлсэн. Үүний дараа хоёр баг харилцан гоол солилцож, сүүлийн минутанд Лукас Эрнандес улаан хуудас авч талбайг чөлөөлсөн ч тоглолтын дүн өөрчлөгдсөнгүй.

ПСЖ олон гоолын зөрүүтэйгээр ялалт байгуулсан. Тэдний 15 цохилтоос ердөө 6 нь торгуулийн талбай дотор байжээ. Супер цомд тэд хоёр удаа стандарт цохилтоос гоол алдаж байсан бол энэ удаа харин өөрсдөө булангаас 2 гоол оруулж Тоттенхэмийг илүүрхжээ.

Тоглолтын баатрууд

Витинья энэхүү тоглолтод үнэхээр гайхалтай байлаа. Тоттенхэмийн дасгалжуулагч Франк хүртэл түүнийг “Дэлхийн шилдэг хагас хамгаалагч, ирээдүйн Баллон д’Орын эзэн” хэмээн үнэлсэн. Португал тоглогч энэхүү тоглолтод хэт-трик хийсэн бөгөөд холоос хоёр ч удаа гоёмсог цохилт оруулж, пенальтийг мөн амжилттай гүйцэтгэсэн. Гэхдээ тэрбээр Тоттенхэмийн гурав дахь гоолыг бэлэглэчихсэн гэхэд буруудахгүй.

Харин Рандал Коло Муани өнгөрсөн зун ПСЖ-гээс Тоттенхэмд зээлээр ирсэн ч Лондонгийн багийн төлөө гоол оруулаагүй байсан. Парист эргэн ирсэн тэр хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн. Түүний хувьд гоолын баяраа тэмдэглээгүй бөгөөд өөрийгөө торгуулийн талбайд жинхэнэ анчин гэдгээ дахин сануулсан ч Луис Энрикед таалагдсан эсэх нь эргэлзээтэй.

Цаашдын хуваарь

ПСЖ 5 тоглолтын дараа 12 оноотой явна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 8 оноогоор илүү, хүснэгтийн 2-р байрт явна. Тэд дараагийн тоглолтуудаа дараах багуудтай хийнэ:

  • Атлетик Бильбао – 12-р сарын 10 (зочлон)
  • Спортинг Лиссабон – 1-р сарын 20 (зочлон)
  • Ньюкасл Юнайтед – 1-р сарын 28 (гэртээ)

Харин Тоттенхэм 8 оноотой 16-р байрт байна. Тэд дараах багуудтай тулна:

  • Славия Прага – 12-р сарын 9 (гэртээ)
  • Боруссиа Дортмунд – 1-р сарын 20 (гэртээ)
  • Айнтрахт Франкфурт – 1-р сарын 28 (зочлон)

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %