Дэлхийд

Япончууд хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжилдаг хуулийг өөрчлөхийг хүсч байна

Япончууд гүнж Айког бараг л поп од мэт хайрлан шүтдэг. Түүнийг эзэн хаан Нарүхито, хатан Масако нартай хамт Нагасакид айлчлах үеэр хуран цугласан олон нэрийг нь дуудан хашгирч байв. Гүнж Айко энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд 24 нас хүрчээ.

Японы хаан ширээ залгамжлах хууль зөвхөн эрчүүдэд хамааралтай байдаг. Гэвч эзэн хааны цор ганц хүүхэд болох гүнж Айкогийн дэмжигчид энэ хуулийг өөрчлөхийг хүсч байна. Энэ талаар хэлэлцүүлэг өрнөж байсан ч гэлээ өдгөө зогсонги байдалд ороод буй. Улам хумигдаж буй Японы хаант засгийн цорын ганц өв залгамжлагчаар эзэн хаан Нарүхитогийн цорын ганц өсвөр насны ач хүү л нэрлэгдээд байна.

Хааны гэр бүлийнхэн нас барж дуусахаас өмнө эмэгтэй хүнийг залгамжлагчаар томилдог болгож хуулиа өөрчлөхгүй бол болохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэсэн ч ерөнхий сайд Санаэ Такаичи тэргүүтэй консерватив хууль тогтоогчид энэ өөрчлөлтийг эсэргүүцдэг.

Гүнж Айко 2021 онд насанд хүрснээсээ хойш нэр хүнд нь огцом өссөн. Түүний нөхөрсөг, халамжтай, хөгжилтэй, ухаалаг зан байдал нь олон нийтэд таалагддаг. Тэрбээр өнгөрсөн сард анх удаа ганцаараа гадаад улсад айлчилсан нь Лаос байв. Зургаан өдрийн айлчлалын хүрээнд тэрбээр Лаосын албаныхантай уулзаж, түүх, соёлын дурсгалт газруудаар зочилсон. Энэ айлчлалаас хойш түүнийг хаан ширээний залгамжлагчаар нэрлэх олон нийтийн хүсэл нэмэгджээ.

Түүнчлэн энэ оны эхээр Айко хаан, хатан хоёртой хамт Нагасаки, Окинавад айлчилсан. Эзэн хаан Нарүхито дэлхийн хоёрдугаар дайны үеийн хор хохирлыг залуу үеийнхэнд ойлгуулахад ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд гүнж Айко энэ уламжлалыг түүчээлж буй. Атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 82 настай Сэцүко Мацүо тус айлчлалын үеэр Нагасакигийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд иржээ. Тэрбээр гүнж Айког хаан ширээг залгамжлаасай гэж боддог тухайгаа хуваалцсан байна.

Түүний дэмжигчдийн нэг, хүүхэлдэйн киноны зураач Ёшинори Кобаяаши хаан ширээг залгамжлах тухай хуулийг өөрчилж буй утга агуулгатай комик ном хүртэл гаргажээ. Мөн зарим хүн “YouTube” суваг нээж, олон нийтэд товхимол тараах зэргээр Айког дэмжиж байна.

Гүнж Айко 2001 онд төржээ. Түүнийг төрсний дараахан ээж Масако нь эрэгтэй өв залгамжлагч төрүүлээгүй гэх элдэв шүүмжлэлд өртөж, тэр нь сэтгэл санаанд нь хүртэл нөлөөлсөн байдаг. Айко сумо сонирхдог бөгөөд багадаа бөхчүүдийн нэрийг бүгдийг нь цээжээр мэддэг сэргэлэн охин байжээ. Гэсэн ч тэр өсвөр насандаа маш туранхай байснаасаа болоод дээрэлхүүлж, шоглуулж, хичээлээ олон хоногоор тасалж байсан удаатай. Хааны гэр бүлийн олон ч гишүүний төгссөн Гакүшүин их сургуулийг тэрбээр өнгөрсөн онд төгсжээ.

1947 онд батлагдсан Хааны ордны хуулиар өв залгамжлагчаар зөвхөн эрэгтэй хүн томилно гэсэн байдаг. Мөн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн энгийн хүнтэй гэрлэвэл хэргэм зэргээ алдана гэж заасан байдаг. 30 жилийн өмнө Японы хааны гэр бүл 30 гишүүнтэй байсан бол өдгөө 16 болж буурчээ. Тэдгээр нь бүгд насанд хүрсэн хүмүүс юм.

Өдгөө Нарүхитог залгамжлах боломжтой хоёрхон хүн байгаа нь түүний 60 настай дүү Акишино болон Акишиногийн 19 настай хүү Хисахито. Хаан ширээг залгамжлах боломжтой гурав дахь хүн нь өмнөх эзэн хааны дүү Хитачи боловч тэрбээр өдгөө 90 настай.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %