“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
–Одоо 2025 он шувтрах гэж байна. Ирэх оны эдийн засгийн төлөв байдал болон хамгийн том сорилт юу байх вэ?
-Ирэх 2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,5-5,8 хувьтай байна гэж тооцоолж байгаа. Үүнд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл бол Оюутолгой төсөл, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн эдийн засгийн өсөлт хувь нэмэр оруулна гэж харж байна. Гэхдээ бас амаргүй жил байх болно. Томоохон сорилтууд гэвэл дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн түүхий эдийн үнэ буурч байна. Мөн геополитикийн амаргүй нөхцөл байдлууд үргэлжлэхээр харагдаж байгаа бөгөөд төсвийн алдагдал сорилт болно.
-Засгийн газраас эдийн засгаа сэргээх чиглэлд хэр анхаарч байна. Эдийн засагч хүний хувьд 2026 оны улсын төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ирэх 2026 оны улсын төсвийг боловсруулах хангалттай хэмжээний цаг байгаагүй гэж бодож байна. Өмнөх жилүүдэд төсвийг аравдугаар сарын 1-нээс хэлэлцэж эхэлдэг байсан бол энэ жилийн хувьд бол төсвөө эргүүлэн татаж дахин боловсруулж оруулсан. Мөн улс төрд илүү анхаарч төсвийн хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд хийгдэхгүй, сүүлдээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө баталж амжих болов уу гэж бодож суулаа.
Ер нь бол жил болгон алдагдалтай төсөв баталдаг жишиг тогтоод удаж байна.
Ирэх 2026 оны төсвийн хувьд ч мөн адил төсвийн алдагдал 1.1 их наяд байхаар батлагдсан. Багш, эмч нарын цалин, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхээр дахиад л инфляци нэмэгдэх эрсдэлтэй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2026 оны гуравдугаар улирлаас хэрэгжиж эхэлхээр зохицуулсан. Тэгэхээр үр нөлөө нь 2026 ондоо бараг гарахгүй гэсэн үг.
Төсвийн хөрөнгө оруулалтаа илүү богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүд рүү чиглүүлж хурдан дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй олон төслүүд хэрэгжүүлэх гэдэг боловч ямар ч эрэмбэ хийхгүйгээр хэрэгжүүлээд байна.
-Хувийн хэвшлүүдээ дэмжсэн төсөв баталж чадсан болов уу?
-Хувийн хэвшлээ дэмжсэн хангалттай хэмжээний төсөв болж чадаагүй гэж харж байгаа. Жишээ нь, Татварын багц хуулийг хэлэлцээгүй, батлаагүй байна. УИХ-аар хэлэлцэж батлагдлаа гэхэд хэрэгжилт нь 2026 оны сүүл, 2027 оноос л гэнэ байх. Ганц Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг төсвийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан, хэрэгжилт нь 2026 оны гуравдугаар улирал буюу аравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Тийм болохоор хувийн хэвшлээ дэмжсэн томоохон өөрчлөлт ороогүй гэж харж байгаа.
–Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг. Ирэх онд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?
-Нүүрсний үнийг харьцангүй өндөр байна гэдэг прогноз тооцоолол гарч байгаа хэдий ч эрсдэлүүд бас байна. Монгол Улсын түүхий эдийн экспорт ганц орон буюу БНХАУ-руу хийгдэж байгаа. Тийм болохоор БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, гангийн эрэлт зэргээс хамаарна.
Нөгөө талаасаа бид аль болгон нүүрсний үнэ өсөөсэй гэж залбирч суух уу. Олон тулгуурт эдийн засаг, эдийн засгийн төрөлжилт гэж олон жил ярьсан боловч харамсалтай нь ямар ч хэрэгжилтгүй, цаасан дээр хоцорсон. Зэрэг олон салбарыг хөгжүүлнэ гэхээс илүү ядахдаа нэг салбараа жинхэн утгаар нь хөгжүүлчих хэрэгтэй.
–УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярина гэсэн. Энэ хууль хэрэгжих хэр боломжтой вэ. Хэрэв хууль хэрэгжиж эхэллээ гэхэд эерэг болон сөрөг үр дагавар нь юу байх бол?
-Өршөөлийн тухай хууль дахин, дахин баталж байхаар бизнесийн орчиндоо дорвитой томоохон өөрчлөлт хийгээд тэрийгээ тогтвортой удаан хугацаанд мөрдөх хэрэгтэй. Өршөөлийн тухай хууль гээд нэг ерөнхий хууль баталчихдаг. Баталсны дараа харин хэрэгжүүлэхдээ ажлын хэсэг гараад хэн хамрагдах уу гэдэг асуудлыг шийддэг. Энэ мэдээлэл нь нууц, олон нийтэд ил байдаггүй.
Өршөөлийн хууль бол богино хугацааны шийдэл түүнээс урт хугацаандаа тухайн бизнесийн, аж ахуйн нэгжийн хөгжлийн шийдэл үгүйлэгдэж байна.
–Засгийн газар ирэх онд нэг тэрбум ам.доллар хүртэл гадаад бонд гаргана. Түүгээр улсын төсвийн алдагдал хийгээд өр төлбөрийн асуудлаа зохицуулж чадах уу?
-Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн захаас босгосон бондын хугацаа ирэх 2026 онд дуусч байгаа. Жишээ нь “Номад” буюу “Нүүдэлчин” бондын эргэн төлөгдөх хугацаа болж байгаа. Мөн нийслэлийн бондууд болон бусад төлбөрүүдийн хугацаа тулсан байгаа тул ирэх жил төсвийн орлого тасрах юм бол хүндхэн байх болов уу. Ер нь олон жил өрийг өрөөр, бондыг бондоор төлж ирлээ. Энэ олон жил бондуудын мөнгөөр бид юу хийж бүтээв. Энэ олон бондын хүүгийн төлбөр, зардалд гарсан мөнгөөр бид юу хийх боломжтой байсан бэ гэдгийг бодох хэрэгтэй.


