Украины жүдоч, дэлхийн аварга Георгий Зантарая Олон улсын жүдо бөхийн холбоонд (IJF) хандан, бүх цол, медалийг нь хүчингүй болгохыг хүссэн байна.
Тэрээр ил захидалдаа “ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнд оруулсан нь буруу зүйл гэдгийг IJF холбооны ерөнхийлөгч дараа нь ойлгож, харамсах нь лавтай. Би ийм шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. УБ Их Дуулга тэмцээний өмнө би сугалаанд орос жүдочид байгааг хараад Олон улсын жүдогийн холбоонд захидал бичсэн. Харамсалтай нь хариу ирээгүй. Намайг хэн нэгний дарамт дор захидал бичсэн гэж зарим хүн хэлэх байх. Та нар анхааралтай сонс. Бүтэн 25 жил барилдаж авсан бүх медалиасаа татгалзана гэдэг ямар зүйл болохыг төсөөлж байна уу? Эх орондоо туслах сэтгэл, дотоод шаналал минь намайг ийм алхам хийхэд хүргэсэн. Хэрэв миний медалиуд нэг хүний ч гэсэн амийг аврахад тусалж чадах юм бол би баяртай байх болно. Одон медаль гэдэг хүний амьтай харьцуулахад өчүүхэн зүйл. Монголын тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбоо соёлт ертөнцөөс ангид гэдэг нь харагдсан. Дайныг эсэргүүцсэн, Путин гэж хэн болохыг ярьсан тамирчныг л тэмцээнд оруулах ёстой. Орост ийм зүйл хэлэх нь аюултай тул гадаадаас ийм мэдэгдэл хийж болно шүү дээ гэж орос тамирчдад хэлмээр байна. Харин чимээгүй байж, дайныг дэмжээд байгаа тамирчныг спортын тэмцээнээс хол байлгах хэрэгтэй. Одоогийн байдлаар би дөрвөн орос тамирчнаас л дэмжсэн захиа авсан. Гэхдээ тэд кавказын тамирчид. Жүдочид яагаад чимээгүй байгаад байгааг ойлгохгүй байна. Орост ийм их тэнэг байдаг гэж өмнө нь бодож байсангүй” гэжээ.


