БоловсролЗалуусын хөгжилдӨсвөр үе

ЕБС-ийн сурагчид Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцаж байна

Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойтой холбогдуулан хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн хугацаанд Халх голын сав нутгаар аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцаж байна.

Аяллыг Хил хамгаалах ерөнхий газар, НЗДТГ, Нийслэлийн Цэргийн штаб, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

Аялалд хамрагдах хүүхдүүдийг сурлага, урлаг, спортын амжилт, нийгмийн идэвх, оролцоо зэрэг үзүүлэлтээр сонгон шалгаруулжээ.

Сурагчид Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 0198 дугаар анги, Их бурхантын заставт очиж, үйл ажиллагаатай нь танилцахаас гадна олон төрлийн тэмцээн, сонирхолтой арга хэмжээнд оролцох аж.

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын сургалтын офицер, “Эх оронч сурагч” төслийн менежер Д.Батсүмбэрэл “Хүүхэд, залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Эх оронч сурагч” зорилтот аяллыг улс, нийслэл, аймгийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Аялалд оролцох сурагчдыг сонгож шалгаруулсан. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулж буй. Сурагчдын аюулгүй байдлыг хангахаар эцэг эх, асран хамгаалагчтай  нь гуравласан гэрээ байгуулсан” гэв.

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мөнхтүшиг “Аялалд оролцох болсондоо маш их баяртай байна. Монголынхоо үзэсгэлэнт газраар аялахаас гадна ахуй, соёлтой танилцаж, эх орноо илүү сайн таньж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %