ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АЖИЛТАНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ БАТАЛЛАА

Өчигдрийн засгийн хуралдаанаас гарсан боловсролын салбартай холбоотой багц шийдвэрүүдийг тус бүрээр нь хүргэх нь зөв байх. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.

Өмнө нь зөвхөн багш нар авдаг байсан мөнгөн тэтгэмжийг боловсролын байгууллагын тогооч, галч, үйлчлэгч зэрэг төрийн үйлчилгээний ажилтан албан хаагчид бүгд авахаар болж байна. Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна.

Боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. Журам батлагдсанаар орон нутагт дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн дэмжлэг болно гэж үзэж байна.


