ОнцлохСонирхолтой мэдээ

Колумбын онгоцны сүйрлээс амьд үлдсэн хүүхдүүдийг 40 хоногийн дараа Амазоны ширэнгээс олжээ

Колумбын нисэх онгоцны ослоос амьд үлдсэн дөрвөн хүүхдийг 40 хоногийн дараа Амазоны ширэнгээс олжээ.

Нэг, дөрөв, ес, 13 настай ах дүүс олон хоногийн дараа эсэн мэнд олдсон ховор үйл явдлыг Колумбын ерөнхийлөгч “үндэсний хэмжээний баяр” хэмээн зарласан байна.

Тавдугаар сарын 1-ний өдөр Амазоны ширэнгийн дээгүүр нисэж байсан хөнгөн загварын онгоц осолдох үед хүүхдүүдийн ээж болон хоёр нисгэгч амь үрэгджээ.

Тэр өдрөөс хойш хүүхдүүдийг эрэн хайх томоохон ажиллагаанд цэргүүд, нутгийн иргэд оролцож байсан юм.

Колумбын ерөнхийлөгч Густаво Педро “хүүхдүүд түүхэнд бичигдэх ховор үйл явдлын үлгэр жишээ боллоо” хэмээн мэдэгджээ.

Амьд үлдсэн хүүхдүүд нь нутгийн уугуул Хуйтото овгийнхон юм байна.

Цэргүүд тэднийг хооллон ундалж, нисдэг тэргээр ширэнгээс гаргаж буйг харуулсан зураг, дүрсийг Колумбын батлан хамгаалах яам тараажээ.

зураг

Хүүхдүүдийг нисдэг тэргээр нийслэл Боготад авчирсны дараа эмнэлэгт хүргэсэн байна.

Тэдний эмэг эх Фатима Валенсиа “Хүүхдүүдийг минь аварч хамгаалсан эх дэлхийдээ баярлан талархаж байна” хэмээн ярьжээ.

Хүүхдүүдийн том нь ээжийгээ ажилд явсны дараа дүү нараа асран халамжилдаг байсан нь тэднийг ширэнгээс амьд гарахад тусалсан гэж тэр үзэж байна.

Хөдөлгүүр нь гэмтсэний улмаас осолдсон Cesna 206 загварын онгоц тухайн өдөр Колумбын Амазонас мужийн Араракуара хотоос Сан Хосе дел Гуавиаре хотын чиглэлд нисэж байжээ.

Цэргүүд ослын газраас насанд хүрсэн гурван хүний цогцсыг олсон ч хүүхдүүд байгаагүй байна. Тэд тусламж хайж ослын газраас явсан байжээ.

Эрлийн явцад хүүхдүүдийн хэрэглэж байсан эд зүйлс олдож байсан тул тэднийг амьд байгаа гэх найдлага тасраагүй байв.

Амазоны ширэнгэ ойд ирвэс, могой зэрэг аюултай араатан амьтад олноор амьдардаг.

Эрэлчид Хуйтото хэлээр эмээгийнх нь ярьсан зааврын бичлэгийг нисдэг тэрэгнээс чанга яригчаар цацаж байжээ.

Хүүхдүүдийг халамждаа авах хүсэлтийг тэдний өвөө Фиденсио Валенсиа засгийн газарт гаргасан байна.

Түүний гэр бүл Богота хотоос 130 км зайтай оршдог Виллависенсио тосгонд амьдардаг ажээ.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %