Дэлхийд

Болгарын зохиолч Олон Улсын Букерын шагналыг хүртлээ

Англи хэл рүү хөрвүүлэгдсэн шилдэг уран зохиолын номыг шалгаруулдаг Олон Улсын Букерын шагналын эзнээр Болгар улсын зохиолч Георги Господинов шалгарчээ.

Энэ оны шагналын эзнийг тодруулах арга хэмжээ Мягмар гарагт зохион байгуулагдсан юм. Сүүлчийн шатанд таван ном үлдсэнээс Господиновын бичсэн эмгэнэлт инээдмийн “Time Shelter” (Цаг хугацааны хоргодох байр) роман шилдгээр шалгарсан байна.

Шагналын 50,000 фунт стерлингийг ($62,000) тэр номыг нь орчуулсан Анжела Роделтой тэнцүү хуваахаар болжээ.

Господиновын зохиолд хүний өнгөрсөн цаг хугацааг сэргээдэг эмнэлгийн тухай гардаг.

Анх зөнөх өвчтэй хүмүүст өнгөрснийг нь сануулах зорилготой байгуулсан уг эмнэлэг сүүлдээ одоогийн амьдралаасаа зугтах хүсэлтэй хүмүүсийг олноор татдаг газар болон хувирсан тухай уг зохиолд дүрсэлжээ.

Эмнэлгийн давхар бүр хүнийг амьдралынх нь өөр өөр арван жилд очуулдаг юм байна.

Шүүгчдийн зөвлөлийг ахалсан Францын зохиолч Лейла Слимани “Энэ бол бидний ой санамж алга болоход юу тохиолдох вэ гэсэн философийн асуудлыг хөндсөн маш гүн гүнзгий агуулгатай бүтээл юм. Ялангуяа өнгөрсөн түүхээ сөхөх нь сөргөөр нөлөөлдөг, ирээдүйгээ өөрөөр харах шаардлагатай Европ тивийн тухай маш сайн бүтээл” гэж магтжээ.

Господинов бол зохиолууд нь гадаадад хамгийн их орчуулагдсан Болгарын зохиолчдын нэг юм.

Тэр бас энэ номоороо итали хэл рүү хөрвүүлэгдсэн шилдэг зохиолын шагналыг саяхан хүртэж байжээ.

Олон Улсын Букерын Шагнал (The International Booker Prize) бол Их Британи, Ирландад орчуулагдан гарсан уран зохиолын шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулдаг арга хэмжээ юм.

Өнгөрсөн оны шагналыг Энэтхэгийн зохиолч Гетанжали Шри, Америк орчуулагч Дэйси Роквелл нар “Tomb of Sand” зохиолоороо хүртэж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %