Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлыг өнөөдөр танилцууллаа.
АХБ-ны эдийн засагч Эдуард Фабер бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт, инфляц ямар байгаа талаарх мэдээлэл өгөв.
Тэрбээр “Ази тив 2022 онд нэлээд сорилттой тулсан боловч эдийн засгийн өсөлт нь сайн байсан. Бүс нутгийн эдийн засгийн дундаж 4.2 хувиар өссөн. Үүнд Төв Ази, Өмнөд Ази, Кавказ, Номхон далайн бүс нутгууд багтсан. 2023 онд 4.8 хувиар өснө. Учир нь Хятад улсын эдийн засаг нээгдэж байгаа.
Бүс нутгийн 2022 оны өсөлтийн 4.2 хувиас Хятад улсын эдийн засгийн үзүүлэлтийг хасвал 5.4 хувь болно. Эдийн засаг нээгдэж, иргэд хуримтлалаа зарцуулж, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр өсөлттэй байх юм. Өмнөд Азийн хувьд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай байна. Учир нь Энэтхэг улсын эдийн засаг сайжирсан.
2023 онд Орос улсын эдийн засгийн өсөлт -1.2 хувьтай байна. Баруунаас Орост тавьсан хориг арга хэмжээ, Украины дайн гэх мэт асуудлууд нөлөөлсөн. Цаашдаа эдийн засгийн агшилт -2 хувьтай байх үзүүлэлтийг ОХУ-ын статистикийн газраас гаргасан.
Хятад улс 2021 онд 8.4 хувиар өссөн нь төсөв тэлсэнтэй холбоотой юм. Харин 2022 онд гурван хувь болж буурсан нь “Тэг КОВИД” бодлоготой хамааралтай. Сүүдрийн банк, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь тус улсын эдийн засагт нөлөөлж байна.
Бүс нутгийн хэмжээнд инфляц 2023 онд 4.2 хувь, 2024 онд 3.3 хувиар буурах төлөвтэй байгаа. Барууны орнуудтай харьцуулахад манай бүсийн инфляц бага байсан. Эдийн засгийн өсөлт эерэг үзүүлэлттэй байгаа ч бидний төсөөлөөгүй зүйлүүд байна.
Жишээлбэл, барууны орнуудын инфляц юм. Барууны орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ өндөр барих, банкны салбарын хямрал зэрэг нь бүс нутагт нөлөөлнө. Мөн Украин, Оросын дайн даамжирвал хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлж магадгүй” хэмээн ярив.


