УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Хулгайтайгаа арай өөр аргаар тэмцмээр байна. Ялын бодлогыг чангаруулж, 40 сая төгрөгийн торгуулийг 400 сая, эсвэл 400 тэрбум төгрөг болго.
Өнөөдөр л гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлтсийн даргын зуслангийн байшингаас 30 сая ам.доллар олдсон гэж байна. М.Чинбат аа, энэ үнэн юм уу? Монгол Улс гадаад өрөө төлж чадахгүй байна гээд байсан. Сайд, дарга нарынхаа амбаарыг ухаад 300, 400 сая төгрөгийг олж, өрнөөсөө салчих юм биш үү.
Үнэхээр авлигатай тэмцье гэвэл УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ-т өгч шалгуул. Бүр болохгүй бол олон нийтийн зөвлөлөөр хянуулах хэрэгтэй.Хуулийн төсөлд халдашгүй дархан эрхийн хугацаа дууссаны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусна ч гэх шиг. Ийм утгагүй юм ярихаа боль.
Удах тусмаа хулгай хийж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахгүйн тулд гишүүн болох гэж дахин дахин улайрч байна” гэлээ.
Түүний асуултад “Ялын бодлогыг бууруулсан зүйл байхгүй. Хуулийн төслөөс торгох ялыг хасаад зөвхөн хорьдог байхаар тусгасан”гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хариулав.
Тэрбээр “Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд 2-8 жил, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан тохиолдолд 12-20 жилийн ял оногдуулахаар болсон.
Энэ нь хүний амь хөнөөсөн хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэгтэнд оногдуулдаг 12-20 жилтэй ижил байгаа юм. Өөрөөр хэлбэл, ялыг нэмэгдүүлсэн гэж ойлгож болно” хэмээв.
Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нэмж хариуллаа. Тэрбээр “Нүүрсний гэх хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа хүний зуслангийн байрнаас 30 сая ам.доллар олдсон гэдэг нь ташаа мэдээлэл.
Шалгалтын явцад ямар нэгэн мөнгө олдоогүй болохыг мөрдөн шалгах хамтарсан баг хэлсэн” гэсэн тайлбар өгөв.


