Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал дараах зүйлийг ярьлаа. Тэрбээр,
“АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 объектод нэгжлэг хийж, 15 хүний хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 6 хүнийг цагдан хорьж байна.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татлаа. Үүнээс 7 албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, 5 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ажиллаж байна” гэлээ.


