АмЧам Монголын “Doorknock 2022” айлчлал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2022-06-27 148 0

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Doorknock 2022 айлчлалыг амжилттай зохион байгуулж, төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, төрийн дээд байгууллагуудтай уулзаж санал солилцлоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү айлчлал нь Монгол Улсаас АНУ-ын бодлого боловсруулагчидтай уулзах, санал солилцох, хөрөнгө оруулалтыг татах чиглэлийн зорилготой оршдог бөгөөд энэ удаад анх удаагаа “Doorknock 2022” арга хэмжээг дотоодод амжилттай зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдын ажлын алба, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн олон төлөөлөлтэй гурван өдрийн турш уулзсан болно.

Уулзалтуудаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх буюу нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгаа сэргээх, хүнд суртлыг арилгах, эдгээр асуудлыг даван туулахад нэн даруй хийх ажлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар санал солилцлоо. Айлчлалд АмЧамын гишүүн компаниуд болох Махони Лиотта, Камминс, Мелвилл & Эрдэнэдалай хуулийн фирм, MSM, Монполимет, Рио Тинто, Оюу Толгой, Тиис зэрэг компани болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо.

Айлчлалын хүрээнд АмЧам Монгол “Эерэг өөрчлөлтийн 3 тулгуур” нэртэй баримт бичгийг танилцуулж, уг баримт бичигт санал болгох өөрчлөлтүүдийг дараах байдлаар багцалсан болно. Үүнд:

I. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид манлайлсан чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай дэмжин хөгжүүлэх

II. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх

III. АНУ болон гуравдагч хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн худалдааны интеграцыг нэн тэргүүнд тавих

Энэхүү баримт бичгийг холбогдох төрийн байгууллагууд нааштайгаар хүлээн авч, асуудлуудад онцгой ач холбогдол өгч байгааг уулзалтын үеэр илэрхийллээ.

Энэхүү айлчлалын мөрөөр АмЧам нь Монгол дах хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр бүх оролцогч талуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`