АВСТРАЛИД “АЖИЛЛАХ БОЛОН АМРАХ” ВИЗ МЭДҮҮЛЭХ ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭН ГХЯ-НААС ЗАХИДАЛ АВАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурсан.
Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон.
Үүнтэй холбоотойгоор “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдэд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
Тус улсад “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.
Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;
Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.
Яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм.
“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг мөн анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам


