“Хүүхэд эцэг эхийнхээ өвөр дээр зорчих нь ослын үед бэртэх, амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг”

2022-06-23 134 0

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирлоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гурван сарын арга хэмжээг эхлүүлээд байна. Бид энэ талаар Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Ариунтөгсөөс тодрууллаа.

“ХАМГААЛАХ БҮСИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭСНЭЭР ХҮНИЙ АМЬ НАСЫГ 40-70 ХУВЬ ХАМГААЛДАГ”

– “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тээврийн цагдаагийн албанаас энэ онд зам тээврийн гэмт хэргээ урьдчилан сэргийлэх зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна. Жил бүрийн 6-7-р сарын хугацаанд иргэд аялал зугаалгаар явах нь ихсэхийн хэрээр зам тээврийн осол нэмэгдэж, тэр хэрээр иргэд бэртэж, гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол ихээр бүртгэгддэг. Энэхүү аяныг эхлүүлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

skip-share

Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4500 гаруй хүн амиа алдаад байна

Бид жил бүр зам тээврийн ослыг бууруулах чиглэлд энэ төрлийн нөлөөллийн аяныг зохион байгуулдаг ба 2017 онд “Яараад яах вэ дээ”, 2018 онд “Дураараа биш дүрмээрээ”, 2020-2021 онд цар тахалтай холбоотойгоор замын хөдөлгөөнд хязгаарлалт хийн ямар нэгэн аян өрнүүлээгүй бол энэ жилээс цар тахал намжсан учир иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа учир “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг зохион байгуулж байна.

– Сүүлийн жилүүдийн зам тээврийн осолд өртсөн хүмүүсийн баримтаас дурдвал?
– Сүүлийн 10 жилийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 4593, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 42 мянга 4839 байна. Үүнээс харахад жилийн энэ хугацаанд зам тээврийн осол гарах нь их байдаг тул тиймээс энэхүү аяныг зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-н хүртэл зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас гадна, төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэд, урлаг, спортынхон гэх мэт хүмүүс дэмжиж буйгаа цахим хуудсаараа ч илэрхийлж байна. Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглээгүй гэх мэт байна. Хайртай хүмүүс, гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй зорчих нөхцөлийг хангах шаардлагатай юм.

Хамгаалах бүсийн зөв хэрэглэснээр хүний амь насыг 40-70 хувь хамгаалдаг. Судалгаанаас харахад 0-6 настай хүүхдийг эцэг эх, том хүний өвөр дээр авч явж осолд өртөхөд бэртэж гэмтэх эрсдэлтэй байдлыг бий болгож байна. Мөн хичээл, сургууль амрах цагаар  7-14 насны хүүхдүүдийн гэмтэж бэртэх, зам тээврийн осолд өртөх нь ихэсдэг. Мөн хашаан дотроо тээврийн хэрэгсэлтэйгээ ухрах үйлдэл хийж байгаад хүүхдийн амь нас хохироодог тохиолдол багагүй байдаг.

– “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?
– Нэн түрүүнд бид орчин цагаа мэдрэх хэрэгтэй байна. Зам тээврийн осолд 18-34 насныхан ихэвчлэн өртдөг ба энэ бүлгийн насныхан цахим орчноо мэдээллээ авч буйг харгалзан сурталчилгаа, сэрэмжлүүлэг, шторк, постеруудыг сошиал хуудсаар түгээж байна. Тэгэхээр аяныг сошиал орчноор түлхүү түгээнэ. Мөн хөдөө орон нутагт аялах гэж буй иргэд шатахуун түгээгүүр, худалдаа үйлчилгээний цэгүүдэд түр саатахдаа аяны уриа болох “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” хэмээх үгийг хүний тархинд нөлөөлж, сэтгэлд хоногштол түгээн байршуулах ажлыг хийнэ.

skip-share

Зарим жолооч “Миний машин сайн, он залуу” гэж бардаж хурд хэтрүүлдэг нь замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг.

– Жолооч, ард иргэдэд хандаж зам тээврийн ослоос сэргийлэх зөвлөгөө өгнө үү.
– Зам тээврийн хөдөлгөөнд зөвхөн жолооч биш зорчигчид ч үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн оролцоо, үүрэг бий. Аялал зугаалгын цаг болж байгаа учраас жолооч нарт сэрэмжлүүлэхэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний дүрэм буюу хамгаалах бүсээ зүүх, хүүхдийг зориулалтын суудалд суулгах гэх мэт цагдаагийн байгууллагаас үргэлж зөвлөдөг зүйлсийг л ягштал биелүүлэх юм бол аяндаа хүрэх газраа эрүүл, бүрэн бүтэн очно.

Мэдээж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлж болохгүй. Зарим жолооч “Миний машин сайн, он залуу” гэж бардаж хурд хэтрүүлдэг нь замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг. Борооны улмаас замд халтиргаа үүссэн эсвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй, даваа гүвээтэй, тээврийн хэрэгслийн онцлог өөр байж болно. Эдгээрийг жолооч мэдэрч замын нөхцөлдөө тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж явах шаардлагатай юм.

– Мэдээлэл өгсөнд баярлалаа.

ЭХ Сурвалж: gogo.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`