Монголын говь Марс гарагтай төстэй учир туршилт, судалгаа явуулахад тохиромжтой

2022-06-23 150 0

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр Марс нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Марс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, доктор Роберт Зубрины “Марсын сорилт” номыг Монголын хүүхэд, залуус эх хэлээрээ унших боломж олгосонд төслийн багийнханд талархал илэрхийлж, хүүхэд, залуусыг багаас нь шинжлэх ухаанд сонирхолтой болгоход уг төсөл ач холбогдолтой хэмээн онцлов.

Монголын говь Марс гарагтай төстэй учир туршилт, судалгааг явуулахад хамгийн тохиромжтой болохыг Марс нийгэмлэгийнхэн хэлсэн. Тэд 12-15 насны хүүхдүүдэд сансар судлалын тухай ойлголтыг шинжлэх ухааны хичээлээр дамжуулан олгодог байна.

Дэд сайд “Монголын говьд судалгааны бааз байгуулах ажлыг салбарын яамнаас дэмжиж ажиллахад бэлэн. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарт томоохон хөрөнгө оруулалт болно” хэмээн онцлоод, Марс нийгэмлэгийнхэнтэй багш, оюутан солилцоо, англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.

“Mars V” төсөл нь Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт бүхий сансрын сургалт судалгаа, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Цаашид хүүхдүүдэд сансар судлал, шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөр оруулах саналаа төслийн багийнхан илэрхийлсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`