add_action('wp_head', function(){echo '';}, 1); Хайр “нүдгүй” буюу цахимаар луйвардуулсан Изабел бүсгүйн “хайрын түүх”

Хайр “нүдгүй” буюу цахимаар луйвардуулсан Изабел бүсгүйн “хайрын түүх”

2022-06-18 129 0

Хэт дотносоогүй энгийн романтик харилцаа ч гэсэн заримдаа урам хугалж, сэтгэлийг шархлуулдаг. Техник технологи, харилцаа холбоо өндөр хөгжихийн хэрээр үүнийг овжин ашиглах “олиггүй” хүмүүс нийгэмд бий болсон. Ялангуяа, интернет орчинд. Өндөр технологийн хуурмаг ертөнцөд эелдэг луйварчдын хохирогч бологсод цөөнгүй.

Францын кино зураглаач Изабел Дзиски /Yzabel Dzisky/ интернетээр болзож, эцэст нь хүндхэн цохилтод өртсөн эмэгтэй. Тэрбээр хэрхэн онлайн болзоогоор дурлаж, луйвардуулж, эцэс сүүлд нь түүний талаарх бүх үнэнийг олж мэдээд, зүрх сэтгэл нь хэрхэн шархалж хоцорсон талаараа “BBC” агентлагт хуучилжээ.

—“ТОНИ”—

Энэ бүхэн 2017 онд эхэлжээ. Изабел 46 настай, ганц бие байв. Мэргэжлийнхээ дагуу онлайн-болзооны талаар баримтат кино хийх санаа төрөв. Юуны өмнө камерын өмнө ил гарч, ний нуугүй ярилцах гол дүрийн бодит баатруудаа олох шаардлага тулгарчээ.

“Эхэндээ би интернетийн танилцах сайтуудыг ажилдаа ашигладаг байлаа. Гэтэл, ганц бие найзууд маань надад онлайн-болзоо, янз бүрийн л инээдтэй, хөгтэй романтик түүхийн талаар маш их ярьдаг байсан. Тэгээд надад “Хэрэв бусад хүн онлайнаар хайраа “олдог” юм бол би ч бас яагаад тэгэж болохгүй гэж” гэсэн бодол толгойд орж ирэв.

Ингээд нэгэн өдөр Изабел өөрийгөө Лос-Анжелест мэс засалчаар ажилладаг гэж танилцуулсан Тони Колби гэх царайлаг эрийн мэдээллийг интернетээс олж харжээ. “Тони” удахгүй Францад ирэхээр төлөвлөж байгаагаа бичсэн байж. Изабел түүнтэй холбоо барив. Онлайн-болзооны сайт тэднийг “хоорондоо тохирохгүй хос” гэж тодорхойлов. Гэвч, тэд долоо хоног орчим бие биетэйгээ чатаар харилцжээ.

“Тэр надад амьдралынхаа талаар хуучилсан. Би ч мөн түүнд амьдралаа ярьсан. “Тони” яг надтай адилхан нэг охинтой, бас нохой тэжээдгийг чатлах явцдаа олж мэдэв. Бүр охиных нь, нохойных нь нэр хүртэл адил байсан нь намайг алмайруулсан. Учир нь, эмэгтэйчүүд ийм давхцалд их ач холбогдол өгч, энгийн нэг учрал биш гэж итгэх нь элбэг. Энэ нь ч надад их романтик санагдсан. Би өөрийгөө үүнд яаж автсанаа ч анзаараагүй”.

Тэд хэсэг хугацаанд чатлаж байснаа нэг өдөр Изабел түүнтэй видео холбоосоор харилцахыг хүссэн байна. Изабел нэг орой найзуудтайгаа уулзах үеэрээ “Тони” руу утасдаж, түүнийг бодитоор нь харахыг хүсэв.

“Тони” ч утсаа авч, бие биенийхээ царайг харав. Утасны жижигхэн дэлгэцний цаанаас зөвхөн толгой харагдана. Эмэгтэй хүний хувьд эсрэг хүйстнийхээ нүдэнд аятайхан харагдчих юм сан гэсэн бодол илүү чухал байдаг. Тиймээс тухайн үед би “Тони”-гын нарийн ширийн зүйлд төдийлөн ач холбогдол өгөөгүй байсан гэж  Изабел ярив. Тэд хэсэг хугацаанд мессежээр харилцаж, ярилцаж байсан ч сүүлдээ “Тони” ямар ч хэл сураггүй гэнэт холбогдохоо байсан гэнэ.

—“МУРАТ”—

“Тони”-гоос сураг тасарч хэсэг хугацаа өнгөрсөн ч Изабелийн виртуал шүтэн бишрэгч нь гэнэт дуудлагад нь хариулж, түүний нэрийг “Тони” биш, харин “Мурат” гэдэг гэсэнд Изабел цочирдов.

“Тони” биш “Мурат” өөрийгөө Истанбулд амьдардаг турк хүн гэж хэлсэн. Би үүнд нь нэлээд гайхаж, цочирдсон ч яагаад ч юм уурлаагүй. Харин ч баярласан гэхүү дээ. Учир юу вэ гэхээр, хуучин нөхрийг маань Мурат гэдэг байв. Тиймээс нэр давхцсан нь дахиад л надад санамсаргүй тохиол биш мэт санагдсан.

Би түүнээс нэрээ яагаад худал хэлснийг нь лавлаж асуухад, тэрбээр өөрийгөө Ойрхи Дорнодоос гаралтай турк хүн болохоор бидний харилцаанд сөргөөр нөлөөлөх байх гэж айсан гэв. Гэвч, энэ нь миний хувьд тийм ч сүртэй “проблем” биш. Учир нь, миний хуучин нөхөр араб-турк гаралтай Франц хүн. Үүнд санаа зоволтгүй гэсэн юм.

Би “Google” хайлтын системээс түүний тухай зарим мэдээллийг хайж олохоор шийдэв. Турк хэлээр түүнтэй холбоотой маш олон зураг, видео, бичвэрүүд олов. Тэр хаа сайгүй, тэр ч байтугай орон нутгийн телевизээр гарч байв. Тэр үнэхээр л “байдаг. Алдартай мэс засалч мөн гэдэгт эргэлзэх зүйлгүй байв.

Бидний хооронд бүх зүйл сайхан болж байв: богино хэмжээний видео дуудлага, ойр ойрхон илгээх хайрын захидал. Бас удахгүй уулзана гэсэн амлалт.

Нэг өдөр Мурат Парист ирэхээсээ өмнө Шанхайгаас эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах ёстой гэж хэлэв. Үүний дараа харин анхны “түгшүүрийн дохио” дуугарч эхэллээ.

Мурат над руу утасдаад, одоо Шанхайд явж байна, кредит карт нь ажиллахгүй болчихлоо. Боломжтой бол гурван мянган евро явуулж туслаач. Бизнесээ хийж дууссан даруйдаа Франц руу нисээд очно гэжээ.

Изабел ч алдартай мэс заслын эмч гэнэт сохор ч зоосгүй болсон гэдэгт гайхаж, энэ талаар найзтайгаа зөвлөлдөв. Найзтайгаа уулзсаны дараа Изабелд сэжиг төрж, эргэлзсэн ч Мурат руу 200 евро шилжүүлсэн байна.

“Би тэр үед яагаад мөнгө шилжүүлсэн гэдгээ өөрөө ч ойлгоогүй. Магадгүй Туркт хэвлэсэн карт Хятадад ажиллахгүй байгаа ч юм билүү гэж бодсон байх. Түүнд 200 евро шилжүүлсний дараа тэр надад “Баярлалаа” гэж хэлээд Парис руу нисэх тасалбарыг видео дуудлагаар харуулсан. Түүний хэлснээр тэр гурав хоногийн дараа Францад ирэх ёстой байсан. Изабел ч сэтгэл нь догдолж, баярласандаа бүр онгоцны буудал руу тосохоор очив. Гэтэл, тэдний анхны уулзалт хэзээ ч болсонгүй.

Би түүнийг гарч ирэхийг хүлээгээд л, хүлээгээд л байсан. Гэвч, тэр гарч ирэээгүй! Үүнийгээ ярихдаа Изабел яриагаа түр тасалж, уртхан амьсгаа авав.

Би Мурат руу залгасан ч, тэр утсаа огт аваагүй. Эцэст нь, миний уур маш их хүрсэн. Гэвч, би түүнд сайхан сэтгэлтэй хандсан хэвээр л байсан. Би түүнээс ядаж л тайлбар авахыг хүссэн.

Мэдээжийн хэрэг, тэр үед миний тархи толгойд Мурат намайг хууран мэхэлчихлээ, би хууртагдчихлаа гэсэн элдэв бодол эргэлдсэн ч тэдгээр муухай бодлуудаа өөрөөсөө хөөж гаргасан. Би дотроо, “Байж боломгүй! Тийм байх учиргүй! Би түүнийг дэлгэцний цаанаас өөрөө нүдээрээ харсан. Тэр үнэхээр бодитой байсан. Найзууд маань ч түүнийг харсан, хүүхдүүд маань ч харсан! Хэсэг зуур би яг л галзуурсан мэт санагдсан.

Гэтэл…хэд хоногийн дараа “Мурат” дахин гарч ирэв. Тэр үед Изабел түүнийг утасны цаанаас биш, харин компьютерийн том дэлгэцээр царайгаа харуулахыг шаардав.

“Интернет сүлжээ муу, видео дуудлагын дуу яриа хоцрогдолтой сонсогдож байв. Магадгүй холболтод асуудал гарсан байх. Түүнийг ярих үед зарим товшилтууд сонсогдов: тог-тог. Би дэлгэцэнд хамаг байдгаараа наалдаж, түүнийг харах гэж хичээв. Дэлгэцний цаадах дүрс гацаж, олигтой харагдахгүй байв.

Изабел Мураттай хийсэн видео дуудлагаа хадгалж аваад мэргэжилтэнд хандахаар шийдсэн байна. Түүний нэгэн танил видео бичлэг засварлагч Изабелд  Барак Обамагийн хуурамч зургийг “YouTube” дээр үзүүлжээ.

Изабел Мураттай холбогдож байхдаа үүнтэй төстэй хуурамч олон шинж тэмдгийг олж харснаа санаж, мэхлэгдсэнээ ойлгов. “Мурат” хуурамч дүрс ашиглаж байсан болж таарав.

“Би тэвчихийн аргагүйгээр өөрөөсөө ичиж, өөрийгөө ямар гээчийн гэнэн тэнэг хүн болохоо мэдрэв. Миний сэтгэлд “Рок-н-роллын сүнс” оршиж, үргэлж бүх зүйлсийг эерэгээр харсаар ирсэн, амьдралдаа хэзээ ч сэтгэлээр гутарч үзээгүй миний хувьд, яг л дээрэмдүүлсэн  мэт, хүчиндүүлсэн мэт аймшигтай санагдав. “Тони, “Мурат” миний мэдрэмжээр доог тохуу хийж, миний сэтгэл рүү нулимав. Бид хичнээн сайхан үгсийг бие биедээ харамгүй урсгасан билээ дээ. Би бүр түүнд хүүхдүүдээ харуулж, танилцуулсан.

—“ДЭВИД”—

Изабелд ганцхан хүсэл үлджээ. Дэлгэцийн ард нуугдаж буй тэр хуурамч хүнд түүний талаар юу бодож байгаа бүхнээ хэлэх. Аргаа барсан Изабел түүн рүү мессеж илгээж, дахин холбогдвол мөнгө өгнө гэж амлажээ. Тэгтэл тэр холбогдов.

“Би чамайг Мурат биш гэдгийг мэдэж байна. Эцсийн эцэст чи хэн юм бэ” гэж асуухад нь дэлгэцийн цаанаас өнөөх л танил чимээ “тог тог, тог тог” товшив. “Чи яагаад надаас ингэж асууж байгаа юм” гээд Мурат утсаа салгав. Үүний дараа харин “Мурат”-аас мессеж ирэв. Энэ удаад өөрийгөө Нигерээс ирсэн 20 настай компьютерийн хакер Дэвид гэж танилцуулсан байна.

Гурван хуурамч нэрээр зүсээ хувиргасан этгээд яагаад зүгээр л алга болохын оронд надад нээлттэй байж, илчлэгдэх болов гэх бодол намайг эзэмдсэн. Бас гайхсан. Хуурч мэхэлж байгаа хохирогчдодоо ур чадвараа харуулахыг хүссэн юм болов уу гэлтэй.

Би дахиад л түүнд мессеж илгээж, яагаад надтай ингэж хандсаныг нь асуув. Тэр хэлэхдээ, хэд хэдэн хуурамч аккаунт үүсгэж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсээс их хэмжээний мөнгө хүлээж авдаг гэж хариулав. Нэг удаа тэр бүр видео дуудлага хийв. Тэгэхэд нь би найзынхаа хамтаар ярилцав. Яг л чам шиг “ийм” хүмүүсийн ач буянаар баян чинээлэг хүн болсон, Канадад суралцаж, мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь түүнд мөнгө хэрэгтэй байсан гэсэн хариулт өгчээ.

Түүний хэлснээр, Мурат гэсэн нэрийг Изабелийн хуучин нөхрийнх нь нэртэй адил байгааг огт мэдээгүй, санамсаргүй тохиолдлоор ашигласан ч түүнд энэ нь “ашигтай” байсныг мөн хэлсэн байна.

—ХОЁР ХОХИРОГЧИЙН УУЛЗАЛТ БУЮУ ЖИНХЭНЭ МУРАТТАЙ ТАНИЛЦСАН НЬ—

Изабел сэтгэл санаагаар унаж, зүрх нь шархлав. Энэ бүх асуудалд цэг тавихын тулд тэр сэтгэл нь татагдаж, дурласан жинхэнэ Мураттай уулзахаар шийдэв. Ингээд Изабел жинхэнэ Муратын утасны дугаарыг олон нийтийн сүлжээнээс олов. Жинхэнэ Мураттай холбогдоход, өөрийнх нь нэрийг барин хуурамч аккаунт үүсгэж бусдыг луйвардсан хэргийн талаар мэдэж байгаа, луйварчидтай ямар ч холбоо сүлбээгүй, энэ талаар ярих хүсэлгүй байна гэжээ.

Тэгээд Изабел түүнд видео мессеж илгээв. Би бол бодит хүн. Би танд муу юм хийхгүй. Эцсийн дүндээ хоёулаа хохирогч. Би танд энэ талаар мэдээлэл өгөх боломжтой гэсэн байна. Жинхэнэ Мурат ч уулзахыг зөвшөөрч, Изабел Истанбул руу нисэх тасалбар авчээ. Турк улсад хөл тавихад гайхалтай харагдаж байсан ч дотроо маш гунигтай, ганцаардаж байсан гэж Изабел дурсав.

Жинэхэнэ Мурат мэдээж үл таних эмэгтэйд итгэхгүй байсан нь аргагүй. Түүнийг сэжиглэж байсан нь бас тодорхой.

Би түүний ажилладаг эмнэлэгт очсон. Тэр бол хачирхалтай мэдрэмж. Учир нь, би түүнтэй л ярьж, харьцаж байна гэж хэдэн сарын турш бодсон. Нарийн бичиг нь, “Мурат эмч таныг өрөөндөө хүлээж байна” гэхэд нь сонин санагдсан. Би хаалгыг нь нээж, жинхэнэ Муратыг харав. Миний хоолой чичирч, нүднээс минь нулимс өөрийн эрхгүй урссан.

Жинхэнэ Мурат түүний царай төрхөнд нь дурласан гэдгийг минь мэдээгүй ч гэлээ надад эелдэг зангаар хандав. Би ч хайрлаж дурласан гэдгээ мэдэгдэхгүй, аль болохоор нуухыг хичээв. Би дотроо “Энэ бол тэр биш” гэж байн байн өөртөө сануулж байв.

Би түүнд өөрийнх нь нэрийг ашигласан өнөөх этгээдийн над руу явуулсан мессежнүүдийн ​​скриншотыг харуулж, цагдаад хандахыг зөвлөв. Энэ бүхэн түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа нь түүний царайнаас харагдаж байв. Жинхэнэ Мурат түүнийг олон өвчтөн хүлээж байгаа, ажлаа хийх ёстой, тиймээс оройн хоол идэнгээ яриагаа үргэлжлүүлэхийг санал болгов. Тэд оройн хоол хамт идэж, үдшийг сайхан өнгөрүүлсэн гэлээ. Тэр үед л түүний толгойд иймэрхүү хэргийн талаар баримтат кино хийх санаа төрсөн аж. Ингээд тэр цаг алдалгүй Туркийн продюсер, жүжигчидтэй холбоо тогтоосон байна.

Изабел үүний дараа хэд хэдэн удаа Истанбулд ирж, Мураттай уулзжээ.

Бид хэсэг хугацаанд холбоотой байж, зөндөө их ярилцсан. Дараа нь энэ бүхэн эцэс болсон. Тэр бол гайхалтай хүн. Гэвч, энэ бүх хэрэг түүнийг маш ихээр бухимдуулсан. Тэр хэрэндээ л хангалттай шаналсан.

Изабел Дзискитэй хийсэн ярилцлагын дараа “ВВС” агентлаг эмч Мурат болон түүний өмгөөлөгчтэй холбогдсон. Тэд тодорхой хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч түүний нэр дээр үүсгэсэн хуурамч аккаунтны талаар чадах бүх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна. Изабел бол түүнтэй холбогдож, ийм мэдээлэл өгсөн анхны хүн биш байв.

Туркийн цагдаа нар кибер залилангийн хэрэг үүсгэсэн шалгах гэсэн ч нотлох баримтгүйн улмаас мөрдөн шалгах ажиллагааг зогсоожээ.

Энд дурдсан эмчийн нэрийг өөрийнх нь хүсэлтээр өөрчилсөн болно.

Изабел Дзискигийн хувьд кино уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Баримтат кино хийснээр түүний сэвтсэн сэтгэлийг сэргээж, сэтгэлийг хямралаа даван туулахад тусална гэдэгт найдаж байгаа гэлээ. Цаашид тэрбээр өөр шиг нь хохирсон олон олон хүнтэй холбоо тогтоохыг хүсч байгаагаа ч хэлэв.

Түүний зөвлөснөөр, та хэн нэгэнтэй онлайнаар болзож байгаа бол аль болох л биечлэн уулзах санал тавих ёстой гэв. Хэт өөрийнхөө сэтгэл хөөрөлд авталгүй, гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөсөө ичиж зоволгүй хэлэх хэрэгтэй.

Бид тэдгээр хуурамч нөхөдтэй хамтдаа тэмцэж, тэднийг илчлэх учиртай. Тэд шангаа хүртэх ёстой. Ганц бие хүмүүс онлайн танилцах сайтуудад зочилдог. Ганцаардсан бид хайрлахыг, хайрлуулахыг хүсдэг. Үүнээсээ бид ичих учиргүй. Энэ бол Изабелийн өгсөн зөвлөгөө.

Харин энэ талаар мэргэжилтнүүдийн өгөх зөвлөгөө бол:

– харилцагчаасаа аль болох олон асуулт асуух;

– харилцагчийн ​​өөрийнх нь хэлсэн мэдээлэлд хэт найдахгүй байх. Тухайн хүний мэдээллийг интернет болон сошиал сүлжээнээс хайх;

– гэр бүл, найз нөхөдтэйгээ бүх зүйлийг ярилцаж, тэдний зөвлөгөөг сонсох;

– бусдад хувийн утасны дугаар, Е-мэйл хаяг, дансаа өгөхгүй байх;

– хамгийн сүүлийн гол зөвлөгөө нь хэзээ ч, хэнд ч мөнгө бүү шилжүүл.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`