
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энгийн иргэнийг прокуророор томилох хуулийн төслийг өргөн барьсан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийн зарим хэсгийг эгүүлэн татахаа мэдэгдлээ.
Гэвч Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төслийг хэсэгчлэн татаж болохгүй тул УИХ дахь МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт гомдож дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Өглөө бүлгийн viber дээр бичээд, хуулийн төслийн талаар саналаа хэлсний төлөө Х.Нямбаатар сайд “гөлөг”-өөр дуудлаа. Би энэ насандаа хүнээс ийм үг сонсч сураагүй учраас эмзэг хүлээж аваад байгаа юм. Манай намын бүлэг ийм хуулийг хэлэлцэж болохгүй. Ялангуяа Х.Нямбаатар сайд аа, Засаг барьж байж. 2017 онд иргэнийг прокуророор томилж болохгүй, улстөрч, эсвэл намын дарга орж ирснээр улс төрийн өшөө авалт эхэлдэг гэсэн байр сууринаас хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ зарчмаасаа бид ухарч болохгүй. Х.Нямбаатар дахиад шинэ хонгил үүсгэх гээд санаархаад байгаа юм уу. Гишүүдийг талцуулж болохгүй. ЭХХШ хууль прокурорын хуультай хамаагүй. Яахаараа дагалдуулан прокурорын хуульд өөрчлөлт оруулах ёстой юм бэ. Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Ерөнхийлөгчөөс санал авсан уу? Ерөнхийлөгчөөс санал аваагүй бол зөрчилдөх асуудал руу түлхэнэ шүү, Х.Нямбаатар аа” гэв.