Улс төр

Ч.Хүрэлбаатарын өс хонзон, ашиг сонирхлоос болж Улаанбаатарчууд ирэх 5 жилд 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын асуудал Утаанбаатар болтлоо угжирсан. Учир нь улсын хүн амын тал нь амьдардаг хот төсөвгүй, эрх мэдэлгүй байв. Засгийн газрын хуралдаанд зөвхөн асуудлаа танилцуулах байдлаар оролцдог. Жилд 400 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг хэдий ч үүнийхээ 10 хүрэхгүй хувийг эргүүлж авдаг. Товчхондоо Улаанбаатар хотын бүх тулгамдсан асуудлыг 100 хувь гэж тооцвол үүнийхээ 10 хувийг шийдэх боломжтой байсан гэсэн үг. Харин Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг шинэ түвшинд хүргэсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод хийх ажлын талаар нийслэлээс заавал санал авдаг болсон. Засгийн газрын хуралдаанд хот өөрийн асуудлаа танилцуулж, шийдүүлдэг боллоо. Мөн жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг хотод үлдээнэ. Дээр нь гадаадаас зээл авах, бонд босгох эрх нээгдэв. Өөрөөр хэлбэл, эрх зүй, эдийн засгийн шинэ түвшинд хүрсэн.

Барилга байшин бариагүй ч цаашид хэдэн зуун барилга байшин, бүтээн байгуулалтууд хийгдэх боломжийг нээгээд байна. Үүндээ ч хотын удирдлагууд урамтай байгаа нь тодорхой харагдаж байлаа.

Гэвч бусад улстөрчид хийж, бүтээх сонирхолгүй байгаа нь тэдний толгойны өвчин болов. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар айлчлалын багт орж, Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх 2 төсөл БНХАУ-ын дэмжлэгийг авахаар болсон. Хөнгөн галт тэрэг буюу Улаанбаатар хот масс транзит тээвэртэй болох төсөл, нөгөө нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажил.

Багагүй хөрөнгө, хүч, хөдөлмөр шаардах энэ ажил анх яригдаж эхлэхдээ мөрөөдөл шиг сонсогдож байв. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ оны  тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэв.

2009 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд метро, хөнгөн галт тэрэг гэх мэтээр олон жил ярьсан ажил энэ онд эхэлчихвэл 2024 он гэхэд Улаанбаатар хот цоо шинэ төрлийн нийтийн тээвэртэй болох байв. 21-р зууны метрополис хот гэчихээд масс транзит байхгүй нь бид бусад улс орноос хэр их хоцорч явааг тодорхой илтгэдэг. Гэтэл хоёрхон жилийн дараа бид хөнгөн галт тэрэгтэй болно гэдэг эхэндээ хоосон мөрөөдөл шиг сонсогдож байсан. Гэхдээ техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт зэрэг нь бүх талаар бэлэн болчихжээ.

Ингээд 2 жилийн дараа түгжирдэггүй, хоцордоггүй нийтийн тээвэртэй болох нь хэмээн талархан хүлээж байтал ахиад л гацав. Гацсан шалтгаан нь чадвар чадамж, хөрөнгө оруулалт, сэтгэл, зүтгэл аль нь ч биш. Зөвхөн нэг улстөрчийн өс хонзонгоос болоод Улаанбаатар хот дахиад хэдэн жил масс транзит тээврийн тухай мөрөөдөж суух нь тодорхойгүй болж байна.

Эхний ээлжийн 18.1 км урттай хөнгөн галт тэргийн зам тавих ажилд нийтдээ 900 сая гаруйдолларын санхүүжилт хэрэгтэй. Үүнийхээ 500 сая долларт нь Засгийн газраас батлан даалт гаргаж өгөхийг хүссэн. Хэрэв энэ батлан даалттай бол зээлийн хүү 3 хувь болох юм. Харин батлан даалтгүй бол 5 хувийн хүүтэй. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалтад 2 хувь гэдэг бол маш их мөнгө. Засгийн газраас тухай зээлэнд батлан даалт гаргах хуулийн боломж бий гэж үзээд, УИХ-аас зөвшөөрөл хүссэн. Гэвч хаанаасаа хаалгач нь гэгчээр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар батлан заалт гаргах хуулийн төслийг дундаас нь сугалаад үлдээжээ. Уг нь байнгын хороогоор хэлэлцээд тухайн асуудлыг дэмжинэ, эсвэл дэмжихгүй гэдэг шийдвэрээ гаргаад УИХруу шилжүүлэх ёстой. УИХ нь байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцээд асуудлаа шийднэ гэсэн үг. Гэвч Төсвийн байнгын хорооны дарга тухайн асуудлыг огт хэлэлцүүлэлгүй сугалаад үлдээчихсэн. Хэрэв асуудлыг хэлэлцүүлчихвэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслийг УИХ дэмжих нь ойлгомжтой.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар гишүүн яагаад LRT төслийг гацаав гэдэг анхаарал татна. Энэ бол Хотын даргад санасан хувийн өс хонзон болон Монгол Улсын Ерөнхий сайд руу бойкот хийж буй улс төрийн сүрдүүлэг.

Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр Хотын дарга Д.Сумъяабазарыг “Хаан банкны хувьчлалд оролцож байна” хэмээн хардаж, тэдний хооронд багагүй маргаан болсон. Асуудал хэдий намжсан ч Ч.Хүрэлбаатар гишүүн өс санаж явдаг хэвээрээ. Түүнийг зуумтгай гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ.

Мөн Ч.Хүрэлбаатар нь Хотгор шанагын уурхайг зарсан, Увс аймаг руу хуваарилсан төсөв, төсөл хөтөлбөрийн мөнгүүдийг ямар ч үргүй үр дүнгүй зүйлд зарцуулсан. Тухайн ажлуудыг нь Ч.Хүрэлбаатарын ойрын хүмүүс хийсэн гэх олон баримт бий. Хамгийн том асуудал нь Хаан банкны хувьчлалын асуудал Монгол Улсын Сангийн сайдын нэрийг барьж оролцож, нөлөөлдөг. Үүгээрээ гадаадын хөрөнгө оруулагчийг сүрдүүлж, хяхан боогдуулсан асуудал бий. Япон улсын хөрөнгө оруулагч АТГ-т гомдол гаргасан байдаг. Хуулийн байгууллагад булхайгаа шалгуулаад, дээлээ нөмрөх эрсдэл хоолойд нь тулчихсан яваа. Тэгвэл энэ том асуудлаас түүнийг аврах ганц гарц нь намын дарга Л.Оюун-Эрдэнэ болжээ. Намынхаа, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, бойкот хийж асуудлаа шийдүүлэх арга хэрэглэж байх магадлал бий гэсэн үг.

Нам нь түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх тухай асуудал хүртэл яригдаж эхэлсэн гэх мэдээлэл Төрийн ордонд яригдаж эхэлсэн. Тэгэхээр айдасгүй болсон  хүн яаж ч ажил гацаах магадлал бий гэсэн үг.

Уг нь 500 сая доллартой тэнцэх хэмжээний төгрөгийг халамж болгоод бэлнээр тараачихсан тохиолдол цөөнгүй. Тухайлбал, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд 900 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын албыг хашиж байлаа. Харин бэлэн мөнгө биш, батлан даалт гаргахад саад болоод байгаа нь хувийн өс хонзон, ашиг сонирхол гэж ойлгох нь бодит үнэнтэй илүү дөхнө.

Түүний хувийн өс хонзон, ашиг сонирхлоос болж түгжрэлээ шийдэж чадахгүй. Үр дүнд нь Улаанбаатарчууд жилд 2.7 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол хүлээсэн хэвээрээ үлдэх нь. Түгжрэлээс шалтгаалсан энэ хохирол ирэх 5 жилд 24.3 их наяд төгрөг болж нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Ч.Хүрэлбаатар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих хүн биш гэдэг нь Хотгор шанагын уурхайг ах нартайгаа нийлж солонгосчуудад зарахад нь, дараа нь түүнийгээ далдлахын тулд БНСУ-ын парламентын гишүүнийг 2 улсын дипломат харилцаагаар барьцаалж дарамтлахад нь, Хаан банкны хөрөнгө оруулагчийг төрийн сайдын албан бичгээр сүрдүүлэхэд нь, хэдэн зуун тэрбум төгрөгийг тойрогтоо төсөвлөчихөөд, түүнийгээ хамаарал бүхий компаниуддаа хуваарилдаг нь, үүнээс болж Увс аймаг бермудын гурвалжин шиг хэдий их хөрөнгө оруулалт авсан ч хөгжихгүй байгаагаас харж болно.

Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс хамгийн аюултай. Тэд өөрийнхөө эрх ашгийн төлөө юуг ч золиослож, хэнийг ч түлхэхэд бэлэн байдаг. Ийм араншинтай хүн эрх мэдэлд хүрэхээрээ эх орноо золиослодог ажээ.

Ч.Хүрэлбаатарын хувийн өс хонзон, ашиг сонирхлоос болж Улаанбаатарчууд хохирч байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %