Дэлхийд

Венесуэльчүүд Нобелийн шагналтнаа тэмдэглэн дэлхий даяар жагсав

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадогийн дэмжигчид Бямба гаригт дэлхий даяар хэд хэдэн хотод жагсаал зохион байгууллаа. Гэхдээ энэ нь сөрөг утга агуулгатай жагсаал байсангүй. Тодруулбал, Мариа Корина Мачадог өнгөрсөн аравдугаар сард Нобелийн энх тайвны шагналтнаар зарласан бөгөөд энэ долоо хоногт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох юм. Энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэн түүний дэмжигчид газар бүрт жагссан нь энэ.

Жагсагчид Мадрид, Утрехт, Буэнос Айрес, Лима зэрэг олон хотод Венесуэлийн ардчилсан хүсэл эрмэлзлийг онцлон тэмдэглэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жагсчээ. Нийт 80 гаруй хотод жагсаал болсон гэж тооцоолоод байна.

Лима дахь жагсагчид “Чөлөөт Венесуэль”, “Венесуэлиэс Нобелийн шагналтан төрлөө” зэрэг уриа лоозон барьж жагсав. Тус хотын оршин суугч иргэн хэлэхдээ “Мачадо Нобелийн шагнал авсан нь ардчиллын төлөө тэмцсэн улс төрийн хоригдлууд болон бүх венесуэльчүүдийг төлөөлнө” гэлээ.

Түүнчлэн Аргентины нийслэл Буэнос Айрест 500 орчим хүн цугларч, гар утасны гэрлээ асаан жагсацгаалаа. “Дэлхий даяар тархан суугаа венесуэльчүүд бид өнөөдөр инээмсэглэж байна. Учир нь бид Мариа Коринагийн Нобелийн шагналыг тэмдэглэхийн зэрэгцээ Венесуэлийн бүх ард түмэн, бүх зоригт хүмүүсийн төлөө жагсаж байна. Бидэнд маш олон баатар бий” гэж нэгэн жагсагч ярьжээ.

Мачадо өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар Мадурогийн эсрэг өрсөлдөх гэсэн боловч засгийн газар түүнийг нэр дэвшихийг нь хориглосон. Тиймээс түүний оронд Эдмундо Гонзалез өрсөлдсөн аж.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %