
Хятадын тэргүүн баячуудын нэг, Алибаба, Ант Группийн үүсгэн байгуулагч Жэк Ма өчигдрөөс Японы нэг их сургуульд багшилж эхэлжээ.
Тэрбээр тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн судалгааны ажил удирдахад голлон ажиллах болсон тухай Токио Коллеж өчигдөр мэдээлсэн байна.
2019 онд байгуулагдсан Токио Коллеж нь Токиогийн Их сургуулийг гадаадын эрдэмтэд, судлаачидтай холбох гүүр болдог ажээ.
Жэк Ма зочин профессороор ажиллахдаа бас Токио Коллежийн гол судалгааны ажлуудад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, өөрийн туршлага мэдлэгээ багш оюутнуудтай хуваалцах үүрэгтэй ажиллах юм байна.
Нэг үе Хятадын тэргүүн баянд тооцогдож байсан Жэк Ма 2020 оны аравдугаар сард болсон нэг арга хэмжээний үеэр Хятадын эрх баригчдын бодлогыг хурцаар шүүмжилж байсан юм.
Энэ явдлын дараа тэрбээр олны нүднээс далд байх болсон. Бээжингийн эрх баригчид Алибаба болон түүний санхүүгийн салбар Ант группт өргөн хэмжээний шалгалт оруулж, зарим үйл ажиллагааг нь хязгаарласны улмаас хэдхэн сарын дотор Жэк Магийн хөрөнгийн хэмжээ $12 тэрбум орчмоор буурч байлаа.
Одоо түүний хөрөнгийн хэмжээг $33 орчим тэрбум гэж Блүүмбэрг агентлаг тооцоолсон байна.
Эх сурвалж: Business Insider