
Африк тивийн Кени улсын зүүн бүс нутгаас өнгөрсөн долоо хоногт нэгэн шашны байгууллагын гишүүн 21 хүний цогцос олдож байв.
Тэгвэл Ням гарагт цагдаа нар дахин 26 хүний цогцос илрүүлж, нийтдээ 47 болсон байна.
Зүүн эргийн Малинди хотын ойролцоох Шакахола нэртэй ойгоос өнгөрсөн долоо хоногт эхний цогцсуудыг илрүүлж байжээ. Одоо энэ ойн 325 гектар талбайтай хэсгийг цагдаа нар битүүмжилж, эрлийн ажиллагаа явуулж байгаа юм.
Эндээс цогцсуудаас гадна амьд хүн олдож магадгүй гэж үзэж байна.
Кени улсын дотоод хэргийн сайд Китхуре Киндики маргааш буюу Мягмар гарагт эрлийн газарт очихоор болжээ.


Удаан өлсгөлөн байсны үр дүнд Есүстэй уулзах боломжтой гэж сургадаг Good News International Church (Сайн Мэдээ Олон Улсын Сүм) нэртэй шашны байгууллагын гишүүд ийнхүү олноороо үхэх болсон юм байна.
Тус байгууллагын тэргүүн Макензи Нтхенгег цагдаа нар өнгөрсөн сард баривчилсан юм. Ойд Есүстэй уулзах цагаа хүлээн өлсөж буй шүтлэгтнүүд нуугдаж байж болзошгүй юм байна.
Ойгоос амьд олдсон нэг хүн маш их сульдаж доройтсон ч амаа тас хамхиж, хүнс тэжээл авахаас татгалзсаар байгаа тухай энэхүү шашны байгууллагын үйл ажиллагааны талаар анх цагдаад мэдээлсэн хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Хуссайн Халид ярьжээ.
“Энэ хүний байгаа байдал асуудлын цар хүрээг илтгэж, ойд олон өлсгөлөн хүн байгааг тодорхой харуулж байна. Тэнд хором бүр хүмүүс үхэж байж магадгүй юм” гэж тэр ярьсан байна.
Кени улсын дотоод хэргийн сайд Киндики энэхүү эмгэнэлт үйл явдлыг “Шакахола ширэнгийн аллага” гэж нэрлээд “үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлжээ.
Эх сурвалж: AFP