
Засгийн газраас боловсролын салбарт гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.
БШУ-ны сайд Б.Энх-Амгалан “Шинжлэх ухаан технологийн сангаас өнгөрсөн 15, 16 жилд 180 орчим тэрбум төгрөгөөр 4,000 орчим судалгааг санхүүжүүлсэн. Гэвч эдгээр судалгаануудад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг дээшлүүлэх патентуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байхгүй.
Тиймээс Шинжлэх, ухаан технологийн сангийн санхүүжилтэд өөрчлөлт хийж суурь, хэрэглээний судалгааг санхүүжүүлдэг болсон.
Томоохон төслийн ТЭЗҮ, судалгааг төр өөрөө шинжлэх ухааны байгууллагуудад захиалж хийлгэх Засгийн газрын тогтоол гарлаа.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-ийг хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Эдгээр хувийн компаниуд нь Эрдэнэтээс өндөр үнээр аваад шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр хямд үнээр хийлгэдэг. Цүнхний буюу тендерийн компаниудын ченжийн тогтолцоо төрийн компаниуд шинжлэх ухааны байгууллагуудын хооронд тогтсон байна. Орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуульд төрийн өмчит компаниуд томоохон ТЭЗҮ-ийг шууд төрийн их сургуультай шууд гэрээ хийх зохицуулалт байхгүй учраас шинжлэх ухааны салбарт зарцуулагдах мөнгө үр дүнгүй зарцуулагдаж байна. Нүүрсний цавчаа гэдэгтэй адил.
Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ий 0.1% хэмээн зарлаж байгаа ч хувийн хэвшил, төрийн өмчит томоохон компаниудаас судалгаа шинжилгээнд зарцуулж буй мөнгө шинжлэх ухаан технологийн сангийнхаас 5 дахин их байна.
Яг адил судалгаанд Шинжлэх, ухаан технологийн сангаас 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн өмчит компани хамгийн багадаа жилд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг тооцоо гарсан. Цаашид төрийн өмчит компаниудаас зарцуулж байгаа энэхүү мөнгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны хүрээлэн, байгууллагыг дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага байгаа учраас тогтоол баталлаа.
2024 оны улсын төсөв батлагдахад Монгол Улсад хийгдэж буй томоохон ТЭЗҮ, судалгаа, инновац, патентуудыг төр өөрөө худалдаж авдаг тогтолцоонд орох үүргийг өглөө.
Ирэх оны төсөв шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд дэвшил гаргах болно.
Манай улсад 70 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй.
Шинжлэх, ухаан технологийн сангаас зөвхөн судалгааны түвшинд санхүүжүүлж буй хийгддэг. Патент болоод үйлдвэрлэлд нэвтрэхэд тогтвортой санхүүжилт байдаггүй. Нийт төслийн 90 орчим хувь нь үхлийн хөндийг давж чадахгүй байна. Энэ тогтолцоог хална.
Шинэ санаа, инновац, патентуудыг Монголын төр худалдаж авдаг болно. Академи, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг шинэчилнэ” хэмээн ярилаа.
Шинжлэх ухаан технологи дээр суурилсан мэдлэгийн эдийн засгийг бий болгох дараагийн 10 жилийн төлөвлөлтүүдийг хийх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах чиглэл өгөгдсөн.
Монгол эрдэмтдийн толгойгоо улайстал ажиллуулж хийсэн патент, инновацынхаа өгөөжийг хүртэх цаг болсон тул санхүүжилтийн тогтолцоог өөрчилнө.
Засгийн газраас шинжлэх ухааны гурван том хуулийг УИХ-д өргөн барих аж.