
COVID-19 цар тахлын хор хөнөөл арьс өнгөний бүлгүүдэд ялгаатай туссаныг судалгаагаар тогтоосон байна. Энэхүү ялгаа хүүхдүүд дээр ч ажиглагдсан бөгөөд хар арьст хүүхдүүдийн нас баралт цагаан арьст хүүхдүүдийнхээс 2.7 дахин өндөр байсныг Атлантагийн “Morehouse” анагаахын сургуулийн судалгаанд онцолжээ.
Хоёр жилийн турш хийсэн судалгаагаар хар арьст хүүхдүүд COVID-19-ийн халдварт илүү өртөмтгий байсныг тогтоосон байна. Мөн хар болон өнгөт арьст хүүхдүүд эмнэлэгт хэвтэх нь цагаан арьст хүүхдүүдээс их байжээ.
Хар арьст хүүхдийн тоо 100 мянга тутамд 13.8 хувьтай байхад цагаан арьст хүүхдийн тоо 100 мянга тутамд 5.1 хувьтай байжээ
Арьс өнгө, үндэс угсаа, хүйсийн ялгаатай бүлгүүдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нийгмийн ялгаварлал, ядуурлаас үүдэн ялгаатай байсаар ирсэн аж. Энэхүү илэрхий ялгаа нь хүүхдүүдэд ч сөргөөр нөлөөлж байгааг “Black Coalition Against Covid” олон нийтийн эрүүл мэндийн төлөөх байгууллагын судалгаанд мөн онцолсон байна.
Статистик мэдээллээр COVID-19-ийн халдварын улмаас эндсэн хар арьст хүүхдийн тоо 100 мянга тутамд 13.8 хувьтай байхад цагаан арьст хүүхдийн тоо 100 мянга тутамд 5.1 хувьтай байсан аж.
Мөн COVID-19-ийн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 23 хувь нь хар арьст хүүхдүүд, 51 хувь нь өнгөт арьст хүүхдүүд байжээ.
Дээрх үр дүн гарахад хар арьст хүүхдүүд вакцинд бага хамрагдсан нь нөлөөлсөн байх магадлалтай байгаа аж. Тодруулбал: таваас дээш насны нийт хүүхдийн 44 орчим хувь нь COVID-19-ийн вакцины хоёр ба түүнээс дээш тунд хамрагдсан байхад хар арьст хүүхдүүдийн ердөө 40 орчим хувь нь л вакцины нэг болон хоёр дахь тунд хамрагджээ.
Мөн хар арьст хүүхдүүд COVID-19-ийн халдварын улмаас эцэг эх, асран хамгаалагчаа алдах нь илүү байсан байна. Түүнчлэн хар болон өнгөт арьст айл, өрхүүд эдийн засаг болон эрүүл мэндийн хувьд илүү их хохирол амссаныг судалгаагаар тогтоосон аж.