
Африк тивийн Нигери улсын парламентын гишүүн болон түүний эхнэр өвчтэй охиндоо донор болгон ашиглахаар Их Британид хүн хуурч авчирсан хэрэгт буруутгагджээ.
Их Британийн прокурорын газрын мэдээлснээр 60 настай Экверемаду, түүний эхнэр 56 настай Беатрис нар Нигерийн Лагос хотын гудамжинд жижиг худалдаа эрхэлдэг нэг хүнийг донор болгох зорилгоор Их Британид хуурч авчирсан юм байна.
Тэднийг зуучилсан Нигерийн иргэн, 51 настай эмч Обинна Обетад бас ял оноожээ.
Хууртагдсан иргэн өөрийгөө донор болох гэж байгааг Лондонд ирснийхээ дараа л мэдсэн байна. Түүний нэг бөөрөнд 3.5 сая найра ($7,600) санал болгож байжээ.
Парламентын гишүүний охин Соня Экверемаду бөөрний хүнд өвчтэй, биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа юм байна.
Прокурорууд түүнийг энэхүү хэрэгт хамаагүй гэж үзээд ялаас чөлөөлжээ.
“Энэ бол эмзэг бүлгийн хохирогчийг бөөрийг нь шилжүүлэн суулгах зорилгоор Их Британид хуурч авчирсан аймшигт хуйвалдаан байлаа. Сэжигтнүүд хохирогчийн эрүүл мэнд, аж амьдралыг үл тоомсорлож, өөрсдийн хяналтад бүрэн оруулсан бөгөөд хохирогч юу болж байгаа талаар хязгаарлагдмал ойлголттой байжээ” гэж хэргийг мөрдөн шалгасан прокурор Жоан Жакимек ярьжээ.
Нигерийн Сенатын дэд дарга асан Ике Экверемаду нь нийгэмд маш их нөлөөтэй, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүнд тооцогддог байна.
Экверемаду, Беатрис, Обета нарын шүүх хурлыг тавдугаар сарын 5-ны өдөр Лондон хотод товложээ.
Их Британид анх удаа эрхтнийг нь ашиглах зорилготой хүний наймааны хэргийг илрүүлснээ Лондон хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.
“Өнөөдрийн яллах шийдвэр нь Их Британи улс хууль бус эд эрхтний наймааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйг дэлхий дахинд сануулсан хэрэг боллоо” гэж Лондон хотын цагдаагийн газрын Орчин үеийн боолчлол, Хүүхдийн мөлжлөгтэй тэмцэх албаны мөрдөгч Эстер Ричардсан мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters