
Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан криптовалютын луйврын сэжигтнийг баривчилснаа Балканы хойгийн Монтенегро улсын дотоод хэргийн яамны сайд мэдээлжээ.
“Баривчлагдсан хүн нь олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Өмнөд Солонгосын иргэн, Сингапурт бүртгэлтэй Terraform Labs компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал До Квон мөн байлаа” гэж дотоод хэргийн сайд Филип Адзич сошиал хуудсандаа бичсэн байна.
Квоноос гадна Хан Чан Жүн хэмээх бас нэг хүн Монтенегрод баривчлагдсан болохыг Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага баталжээ.
“Бид одоогоор сэжигтнүүдийн хурууны хээг Монтенегрогоос хүлээж аваагүй байгаа. Гэхдээ таниулах ажлыг маргааш өглөө гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна” гэж Өмнөд Солонгосын Үндэсний Цагдаагийн Газрын төлөөлөгч мэдэгдсэн юм.
Хоёр сэжигтэн Монтенегро улсын нийслэл Подгорица хотын нисэх буудлаас Дубай руу нисэх гэж байгаад Коста-Рика, Бельги улсуудын хуурамч паспорттой явсан нь илэрсний улмаас саатуулагджээ.
Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын үнэт цаас, арилжааны хороо хөрөнгө оруулагчдаас олон тэрбумыг луйвардсан хэрэгт Квоныг буруутган шүүхэд өгч байв.
“$40 тэрбумын луйварт сэжиглэгдэж буй криптовалютын хаан асан хуурамч бичиг баримттай Подгорица хотын нисэх буудал дээр саатуулагдлаа. Энэ хүнийг Өмнөд Солонгос, АНУ, Сингапурт эрэн сурвалжилж байгаа юм” гэж Монтенегрогийн дотоод хэргийн сайд мэдээлжээ.
Terraform Labs компанийн зах зээлд гаргасан TerraUSD стэйбл коины ханш 2022 онд огцом унаж, хөрөнгө оруулагчдад асар их хэмжээний хохирол учруулж байв.
Эх сурвалж: Reuters