
Бүгд Найрамдах Солонгос Улс даяар өнөөдөр тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлсний 104 жилийн ойн өдрийг тэмдэглэж байна. БНСУ 1910-1945 онд буюу 35 жилийн турш Японы колоничлолд байсан бөгөөд 1919 оны гуравдугаар сарын 1-ний өдөр үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн байна.
Ойн хүрээнд БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр иргэдээ урьж, БНСУ даяар тэмдэглэн өнгөрүүлж буй баярын үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэлээ. Уг үйл ажиллагааны дараа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү ойн өдөр болон Солонгосын визийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү:
Тухайн үед Солонгос улс даяар 20 сая гаруй иргэн энэхүү хөдөлгөөнд нэгдэж, 5 сая гаруй иргэний амь золиослогдсон.
“Өнөөдөр Солонгосын иргэд үндэсний хөдөлгөөн буюу тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлж эхэлсний 104 дэх жилийн ой тэмдэглэж байна. Тухайн үед Солонгос улс даяар 20 сая гаруй иргэн энэхүү хөдөлгөөнд нэгдэж, 5 сая гаруй иргэний амь золиослогдсон. 1919 оны гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн “Солонгос Улс мандтугай!” гэдэг уриан дор анхны төрт засгийн газрыг байгуулах эхлэл болсон.
БНСУ-ын хэмжээнд тусгаар тогтнолтой холбоотой нийт таван тэмдэглэлт өдөр байдгийн нэг нь өнөөдөр зохион байгуулж байгаа гуравдугаар сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний тэмдэглэлт ойн баяр юм.
Яг одоо Солонгос Улсад Ерөнхийлөгчийн ивээл дор энэ арга хэмжээг улс даяар тэмдэглэж байгааг БНСУ-ын ЭСЯ Солонгосын иргэддээ шууд дамжуулан хүргэж байна. Энэ нь тухайн үед тэмцэж байсан эх орончдынхоо амь биеэ золиосолсон түүхэн үйл явдлыг дурсахаас гадна, бид тэдний үр удам юм гэдэг бахархалт мэдрэмжийг нийт иргэддээ төрүүлэх эх оронч үйл ажиллагаа юм” гэлээ.
БИ МОНГОЛ УЛСАД 77 УДАА ИРЖ БАЙСАН
Тэрбээр цааш нь “Миний бие БНСУ-аас Монгол Улсад томилогдон ирж ажиллаад удаагүй байна. Би Элчин сайдаар томилогдохоос өмнө Монгол Улсад 77 удаа ирж байсан. Би 1995 онд Сөүл хотын иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ Монгол Улсад анх удаа ирж байлаа. Өдгөө та бүхний мэдэх Сөүл хотын гудамж байгуулсан тэр цаг үед буюу Сөүл асрыг байгуулах ажилд гар бие оролцож байлаа. Энэ мэт Монголтой харилцаж ирсэн, Монголын төлөө гэсэн элгэмсэг сэтгэлийг маань БНСУ-ын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, намайг Элчин сайдаар томилсон.
Сөүл хотын гудамж байгуулсан тэр цаг үед буюу Сөүл асрыг байгуулах ажилд гар бие оролцож байлаа.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд БНСУ, Монгол Улсын харилцаа, түүхэн ижил төстэй зүйлсийг ойлголцох, бие биеэ мэдрэх цаг хугацаа байсан бол одоо ирэх 30 жилд бидний хувьд хамтдаа хөгжүүлэх, гар барин алхах, ижил төстэй чанаруудыг илүү их ойлголцох боломж гэж харж байна” гэв.
ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДАЛД ХОЁР УЛСЫН ТАЛААС ХИЧЭЭНГҮЙЛЭН ЗҮТГЭЖ БАЙНА
Түүнчлэн визийн нөхцөлийн талаар “Та бүхний анхаарлын төвд байгаа хамгийн чухал асуудал бол Солонгос Улсын виз. Визийг хөнгөвчлөх, үүнтэй холбоотой нөхцөлүүдийг шийдвэрлэх асуудалд хоёр улсын талаас хичээнгүйлэн зүтгэж, ажил хэрэг болгохоор тогтвортой явж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Одоогийн байгаа нөхцөлөөс сайжирна гэж бид харж байна.
Манай хоёр улсын харилцаа одоо байгаа түвшнээс шат ахин хөгжих боломжуудыг хангахын тулд дипломат хүний хувьд анхаарч ажиллах болно. Одоогийн байдлаар хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын харилцаа сайн байгаа энэ үед энэ харилцааг олон жил авч явах үүднээс бид ажиллах болно” гэлээ.