АНУ-аас илгээсэн Harpoon пуужингаар Оросын Хар тэнгисийн флотын хөлгийг устгаж, живүүлснээ Украины армийн албан ёсны Телеграм хуудас өчигдөр мэдээлжээ.
Энэ нь Өрнөдийн орнуудын илгээсэн зэвсгээр Оросын байлдааны хөлөг онгоцыг устгасан анхны тохиолдол юм.
Одесса мужийн цэргийн тойргийн командлагч Максим Марченко “Өнөөдөр өглөө манай тэнгисийн хүчин Хар тэнгисийн чирэгч хөлөг Василий Бехийг устгалаа. Уг хөлөг агаарын довтолгооноос хамгаалах системээр тоноглогдсон байсан юм. Хөлөг живсэн нь сүүлд тодорхой болсон” гэж ярьжээ.
“Василий Бех” хөлөг Оросын цэргийн хяналтад байгаа Хар тэнгисийн Могойт аралд сум, зэр зэвсэг тээвэрлэн хүргэж явсныг Украины тал мэдээлсэн байна.
АНУ-ын Boeing Defence, Space & Security компаниудын үйлдвэрлэсэн Harpoon тэнгисийн хөлөг устгагч пуужин нь ерөнхийлөгч Жо Байдены илгээсэн зэр зэвсгийн тусламжийн нэг хэсэг юм.
Энэ долоо хоногт Пентагон бас ачааны машин дээр суурилагддаг Harpoon пуужингийн системийг Украины эргийн хамгаалалтад зориулан илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.
Украины арми Хар тэнгисийн тулаанд бас өөрийн үйлдвэрийн Нептун пуужинг ашиглаж байгаа.
Уг пуужингаар тэд дөрөвдүгээр сард Оросын Хар тэнгисийн флотын бахархал болсон “Москва” хөлгийг живүүлж байсан юм.
Энэ явдлын дараа Оросын тал хөлөг онгоцнуудаа Нептун пуужингийн тусгал хүрэхээргүй, эргээс хол зайд байрлуулсан гэдэг.
Харин Harpoon пуужингийн систем нь алсын зайд цохилт өгөх чадвартай зэвсэг юм.
Хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш Оросын 1,376 танк, 3,376 хуягт тэрэг, 14 тэнгисийн хөлгийг устгаснаа Украины армийн албаны эх сурвалж сүүлд мэдээлжээ.
Эх сурвалж: Business Insider


