add_action('wp_head', function(){echo '';}, 1); ОХУ-ын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хоригийг Путин “тэнэглэл” гэж шүүмжлэв

ОХУ-ын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хоригийг Путин “тэнэглэл” гэж шүүмжлэв

2022-06-18 153 0

Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганы оролцогчдод хандан үг хэлжээ.

73 минут үргэлжилсэн илтгэлдээ Владимир Путин улс орных нь эсрэг Өрнөдийн орнуудын зарласан эдийн засгийн хоригийг “тэнэглэл” гэж шүүмжилсэн байна.

1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд энэ жил Украины хямралтай холбоотойгоор Өрнөдийн орнуудын төлөөлөгчид оролцоогүй юм.

“Бид бол ямар ч сорилтыг давж чадах хүчирхэг улс үндэстэн. Бид өвөг дээдсийнхээ нэгэн адил ямар ч асуудлыг шийдэх чадвартай. Үүнийг манай улсын бүхэл бүтэн мянган жилийн түүх харуулж байна” гэж Путин энэ үеэр хэлжээ.

Тэр бас Украинд явуулж буй дайнаа Донбассын бүс нутагт амьдардаг орос хэлтэн хүн амыг хамгаалах гол зорилготойг тайлбарласан байна.

“Бидний хувьд эрсдэл, аюул занал нэмэгдэж байсан тул цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байсан. Мэдээж энэ бол хэцүү шийдвэр, гэхдээ зайлшгүй шаардлагатай байсан” гэж Путин дайн эхлүүлэх болсон шалтгаанаа зөвтгөсөн юм.

Тэр бас АНУ өөрийгөө “Дэлхийд илгээгдсэн Бурхны элч” гэж үздэг хэмээн шүүмжлээд “хүчирхэг, бүрэн эрхт улсууд” дүрмээ тогтоодог дэлхийн шинэ дэг журмыг Орос улс эхлүүлж байгааг мэдэгджээ.

Украинд явуулж буй дайнаа тэр “бүрэн эрхт улс өөрийн аюулгүй байдлыг хамгаалах эрхээ эдэлж байгаа явдал” гэж тайлбарласан байна.

Гэхдээ Путин бас өөрийн зэвсэгт хүчний Украинд учруулж буй сүйрлийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай зүйл ярьсан юм.

Ингэхдээ тэр Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр балгас болсон Сталинград хотын нэрийг дурджээ.

“Бид чөлөөлсөн хот сууринуудаа Сталинград шиг болгож болохгүй. Энэ бол манай арми аливаа байлдааны ажиллагаа явуулахдаа үргэлж бодож тооцдог зүйл” гэж тэр илтгэлийн дараах асуулт хариултын үеэр хэлсэн байна.

Ингэхдээ тэр иргэдийн байгууламжуудад цохилт өгч буй Украины зэвсэгт хүчнийг буруутгаж, үүнийг хүмүүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлжээ.

Путин бас дэлхий даяар хүнсний хомстол нүүрлэсэнд Орос улс буруугүйг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Украины цөөн тонн үр тарианы экспорт зогссон нь үүнд төдийлөн нөлөөлөхгүй гэнэ.

Тэрбээр Хар тэнгисээр үр тариагаа экспортлох замыг Украинд гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн ч Беларусь, Польш, Румынээр дамжих өөр тав, зургаан экспортын зам байгааг давхар сануулсан байна.

Одоо Украин улс гол боомт Одесса хотыг экспортын тээвэрлэлтэд ашиглахаас зайлсхийж, төмөр болон авто замыг ашиглаж байгаа нь Оросын цохилтоос болгоомжилсон хэрэг юм.

Гэхдээ сард 6 сая гаруй тонн үр тариа, тосны ургамлыг Одессоор дамжуулан экспортолдог байсантай харьцуулахад энэ тойруу замын экспортын хэмжээ гуравны нэгд нь л хүрч байна.

Өчигдөр Путиний илтгэл эхлэх хугацаа нэг цагаар саатсан нь кибер халдлагатай холбоотойг Санкт-Петербургийн чуулганыг зохион байгуулагчид мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`