add_action('wp_head', function(){echo '';}, 1); Борис Жонсон хоёр дахь удаагаа Киевт айлчлахдаа Украинд шинэ тусламж амлалаа

Борис Жонсон хоёр дахь удаагаа Киевт айлчлахдаа Украинд шинэ тусламж амлалаа

2022-06-18 164 0

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр буюу Баасан гарагт хоёр дахь удаагаа Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийжээ.

Энэ үеэр тэр Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэхээ амлаж, орчин үеийн зэвсэг техник эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

“Танайд хэрэгтэй стратегийн тэсвэр тэвчээрийг бүрдүүлэхийн тулд бид хамтран ажиллах болно” гэж Жонсон мэдэгджээ.

Өчигдөр Борис Жонсоны айлчлалтай зэрэгцэн Европын Холбооны гүйцэтгэх дээд байгууллага тус холбооны гишүүний горилогчийн статусыг Украинд олгохыг дэмжих шийдвэр гаргасан юм.

Ингэснээр Украин улс Европын гэр бүлд нэгдэх үйл явц нэг алхмаар урагшилж байна.

Борис Жонсоны амласан хөтөлбөрийн дагуу Их Британи улс 120 хоног тутамд Украины 10,000 хүртэл тооны цэргийг гадаадад сургаж бэлтгэхээр болжээ.

Сургалтыг зохион байгуулах газрыг нууцалж байгаа ч дорнод Европын холбоотон орнуудын нутаг дэвсгэр байх нь тодорхой байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “дайны хүчний харьцааг өөрчлөх” боломжтойг Жонсон онцолжээ.

Жонсоны айлчлалын өмнөх өдөр Герман, Франц, Италийн удирдагчид бас Киевт хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр тэд Орост буулт хийх ямар нэг саналыг Украины талд тавиагүй ба харин үргэлжлүүлэн дэмжихээ амлацгааж байв.

“Миний өмнөх айлчлалаас хойших хоёр сарын хугацаанд Украины зориг, тууштай байдал, тэсвэр хатуужил урьд урьдынхаас илүү нэмэгдсэн байна. Тэдний энэхүү шийдэмгий байдал ерөнхийлөгч Путиний дэмий амбицаас илүү удаан үргэлжилнэ гэдгийг би мэдэж байна” гэж Борис Жонсон хэлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сүүлд сошиал хуудсандаа “Украиныг ялалтад хүргэх тал дээр бид нэгдсэн байр суурьтай байгаа нь харагдлаа. Хүчтэй дэмжлэгт нь би талархаж байна” гэж бичсэн юм.

Украинд Европын Холбооны гишүүний горилогчийн статус олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хэлэлцүүлэг ирэх долоо хоногт Брюссель хотод болно. Шийдвэрийг тус холбооны 27 гишүүн орны саналаар гаргах юм.

Оросын эзлэн түрэмгийлэл Украины гишүүнчлэлийн асуудлыг шуурхайлах шалтгаан болж байгаа. Гэхдээ Европын Холбооны жинхэнэ гишүүн болох үйл явц хэдэн жилийн хугацаанд үргэлжилдэг.

Шинэ гишүүнийг ямар хугацаанд элсүүлэх асуудал одоо Европын Холбооны гишүүн орнуудын дунд маргаантай байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`