
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Хөгжлийн банк”-ыг шалгах Ажлын хэсгээс өнгөрсөн гуравдугаар сард ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Энэ үеэр тус Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хөгжлийн банк”-ны хэрэгт нэр холбогдсон 20 улстөрчийн нэрийг зарлаж, АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн байдаг.
Үүнд:
1. Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
2. Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/
3. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
4. Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/
5. Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/
6. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
7. М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/
8. Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/
9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/
10. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/
11. Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/
12. Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/
13. Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/
14. Ш.Лхамсүрэн /дэд сайд асан/
15. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/
16. С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/
17. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/
18. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/
19. Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/
20. Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ нарыг “Хөгжлийн банк”-наас зээл авсан, авсан зээлээ эргэн төлөөгүй, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэж үзээд хуулийн байгууллагаар гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор өгсөн билээ.
Хэрэв уншигчид анзаарсан бол дээрх нэр бүхий 20 улстөрч дотор өнөөгийн парламентын зургаан гишүүн байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын нэрс багтжээ.
Тэгвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд “Хөгжлийн банк”-ны хэрэгт УИХ-ын гурван гишүүнийг л яллагдагчаар татаж, хилийн хориг тогтоолоо. Дээр нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарыг яллагдагчаар татсан.
Бусдыг нь шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл алга. Нөгөөтэйгүүр эрх баригчид хэдхэн гишүүнээр “туг тахь”-иад Хөгжлийн банкны хэргийг замхруулах нь гэх хардлага олон нийтийн дунд яригдаад эхэлжээ.