“Эвийн өргөө энхийн гүйлт” буухиа Хэнтий аймагт үргэлжилж байна

2022-05-16 146 0

Олон улсын “Эвийн өргөө Энхийн гүйлт” буухиа энэ сарын 14-д Улаанбаатар хотын төв талбайгаас галт бамбараа бадамлан асааж гараагаа эхэлсэн. Улмаар Сүхбаатар, Хан-Уул дүүргийн гүйгчид бамбарыг буухиалан, Төв аймгийн Зуунмод суманд шилжүүлж, Зуунмод хотын Ерөнхий боловсролын 2 сургуульд зочилжээ.

Энхийн гүйлтийн бамбар маргааш нь Зуунмод хотоос гарч Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сум болон Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр буухиалан нийт 141 км замыг туулж Багануур дүүрэгт шилжжээ.

Энхийн галт бамбарыг Налайх дүүргийг төлөөлж засаг дарга Ч.Раднаабазар болон ерөнхий боловсролын лаборатори цогцолбор сургуулийн сурагчид угтан авлаа. Налайх дүүрэг “Эв эе надаас эхтэй” сэдвээр хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гаргаж, зохион бичлэгийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулжээ.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар галт бамбарыг орон нутагт хүлээн авах арга хэмжээнд оролцож, энхийн галт бамбарыг барьж эв санаагаа нэгтгэн дэмжсэн байна.

Нийслэлийн Багануур дүүргийг төлөөлж Багануур-Ус ААТҮГ-ын хамт олон бамбарыг хүлээн авч буухиаллаа.

“Эвийн Өргөө энхийн гүйлт”-ийн галт бамбар энэ жил манай улсын 21 аймаг, нийслэл хот, 108 сумаар нийтдээ 7300 гаруй км газар нутгаар нийт 54 хоногийн турш буухиалан аялах юм. Галт бамбарыг тасралтгүй асаах үүрэгтэй үндсэн багт 6 орны гүйгчид оролцож байна.

Энхийн бамбар өнөөдөр Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумдын нутгаар нийт 224 км буухиалж Чингис хотод шилжинэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`